Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Байт харваан спорт Монголд


Densmaa 2018-08-31 03:08

Хамгийн сүүлд гэхэд Азийн 18-р спортын наадамд оролцсон Монголын байт харвааны эрэгтэй болон холимог баг Азийн наадмын 4-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн юм.

   Байт харваан спорт нь дэлхийн олон газар өөр өөрийн өвөрмөц төрхөөр хөгжиж, батлан хамгаалах, цэрэг дайн, байлдан дагуулалтын халуун гэрч болж байсан түүхтэй. Монголын түүхийн үнэт сурвалж Чингисийн чулууны бичигт, Монгол баатар эр Есүхэй мэргэн 335 алд буюу 500 метр хол харван байгаа онож байсан түүхийг өгүүлдэг. Энэ нь Монголчууд сур харваандаа хэр эрчтэй, уламжлалтай байсныг илтгэнэ. 

   Манай оронд хувьд нум сумны орчин цагийн шалгарсан спорт болох байт харваа тэртээ 1960 онд үүсчээ. Тодруулбал энэхүү спортыг Монголд хөгжүүлсэн хүн нь уулын спортын мастер, ОУХМ, Гавьяат багш Р.Зориг юм. Тэрээр 1960 онд БНХАУ-д дасгалжуулагчаар ажиллаад буцаж явсан тухайн үеийн Чехословакийн мэргэжилтэн Шимек-Антонинтой уулзаж, байт харааны спортыг хөгжүүлэх саналыг тавьж байжээ. Саналыг хүлээж авсан Шимек-Антонин багш Монголд гурван сар ажиллаж, байт харвааны спортыг хөгжүүлэх эхлэлийг тавьсан түүхтэй.

   Ингээд 1971 онд  Англи улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах Байт харвааны тэмцээнд 30 метрийн зайд Монгол улсын тамирчин Должингийн Дэмбэрэл Дэлхийн аваргын алтан медаль хүртэж, энэхүү спортоос төрөн гарсан монголын анхны дэлхийн аварга болсон юм. Энэ цагаас эхлэн манай орны тамирчид Дэлхийн тавцнаа эх орныхоо нэрийг дуурсгаж эхэлсэн билээ.

   Тухайлбал, 2015 онд БНСУ-д болсон  Дэлхийн цэргийн спортын зургадугаар тоглолтонд Монголын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны байт харвааны эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид алтан медаль хүртэж тэргүүлж байжээ.

   Ингээд та бүхэнд Монголын байт харвааны холбооны дэргэдэх “Галт сум” клубын багш дасгалжуулагч Долгорын яриаг хүргэе.

Байт харвааны спорт манай улсад 58 жилийн тэртээ үүссэн түүхтэй. Хүүхэд залуус өргөнөөр сонирхож хичээллэдэг. Манай монголын анхны дэлхийн аварга байт харвааны спортоос төрсөн.

Сүүлийн үед энэ спорт манай улсад эрчимтэй хөгжиж байна. “Бээжин 2008” Паралимпийн наадамд Хөдөлмөрийн баатар, тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртэж, Монголын паралимпийн тамирчдын медалийн буухиаг эхлүүлж байжээ. Энэ цагаас байт харваан спорт илүү эрчтэй хөгжиж байгаа гэж хэлж болно.

Байт харвааны спорт өөрөө хүмүүжлийн болон эрүүл мэндийн гээд бүх талын ач холбогдолтой. Хүүхэд байгаа 10 онохын тулд анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ нь хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд маш сайнаар нөлөөлдөг. Маш их тэвчээр шаардана тэгэхээр хүүхдэд энэ хэрээр тэвчээр суулгана.

   Монгол улсад байт харваан спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын стандартад нийцсэн “Дайчин чанар тэсвэрийн талбар” уриатай байт харвааны “360” талбай саяхан ашиглалтанд орсон юм. Байт харвааны 36 сумаар 10 оноо авахад нийлбэр оноо 360 буюу рекорд оноо болдог. Ирээдүйд тив дэлхийн олимпод эх орныхоо нэрийг мандуулах 360 оноог манай тамирчид аваасай хэмээн бэлэгдсэн үүднээс тус талбайг 360 гэж нэрлэжээ. Мөн энэ талбай “Дайчин чанар тэсвэрийн талбар” гэсэн урианы тухайд “Дайчин чанар” гэдэг нь гадагшаа чиглэсэн буюу урам зоригтой, идэвх санаачилгатай, хөдөлмөрч байх гэсэн утгатай. Харин “Тэсвэрийн талбар” гэдэг нь дотогшоо чиглэсэн буюу сэтгэл зүйн хувьд хүчтэй, тууштай байх гэсэн утгыг илэрхийлжээ.

  90 хүртэлх метр зайд харвах боломжтой энэхүү талбайг 58 хоногт багтаан бүтээн босгосон байна. Талбайн нээлтийн үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсад орчин үеийн байт харвааны спорт үүсч хөгжсөн 58 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байгааг онцолж байсан юм. Ингээд ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс сонсгоё.

 Дэлхийн зэвсэг техникийн хөгжилд композит нум буюу эвэр нумыг монголчууд анхлан зохион бүтээж, хэрэглээнд орлуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Сур харвааг үндэсний уламжал, хэрэглээ болгож байсан үндэстний хувьд байт харвааны спортыг хөгжүүлснээр Монголын анхны Дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан билээ

Байт харваачид олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий бэлтгэл сургуулилт, тэмцээний талбайтай боллоо.

Монголчуудын хамтын зүтгэл, нэгдмэл сэтгэлээр боссон энэ талбайгаас тив, дэлхий, Олимпын аваргууд төрөн гарч, улсынхаа нэрийг өндөрт өргөн, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа аялгуулахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

   Байт харваан  спортын талбай ийнхүү ашиглалтад орсноор Монгол улс байт харвааны олон улсын ямар ч тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой болж байна. Байт харваа нь Монголчуудын хувьд олон улс дэлхийн чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж болох спортын гол төрлийн нэг юм.

   Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27-г харьцах нь 13 метрийн хэмжээтэй олимпийн цагираг босгосон нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг бэлгэшээжээ.

   Монголын байт харвааны тамирчид 2018 он гарсаар олон улсын тэмцээнд амжилттай оролцсон талаар сонирхуулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 3-8-нд Тайландын Бангкок хотноо болсон Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээнээс холимог багийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар хүрэл медаль хүртжээ. Мөн эрэгтэй багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, Б.Адьяасүрэн, Б.Оюунболд нар мөнгөн медалийн эзэд болж, олон улсын тэмцээнийг амжилттайгаар эхлүүлж байна.

   Хамгийн сүүлд гэхэд Азийн 18-р спортын наадамд оролцсон Монголын байт харвааны эрэгтэй болон холимог баг Азийн наадмын 4-р байрт шалгарсан юм. Манай байт харваачид олимп, дэлхийн аварга БНСУ-ын багийг ялж, шуугиан тарьсан нь цаашид энэ амжилтаа улам ахиулах боломж байгаа гэдгийг харуулсан билээ.   

Үзсэн: 2434

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна