Монголын зэвсэгт хүчнийхэн амжилтаа ахиуллаа
'Танкийн биатлон' тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарлаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна.
'Танкийн биатлон', 'Мэргэн буудагчийн зааг', 'Хээрийн гал тогоо' гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өргөн амжилт үзүүлсээр байгаа юм. 'Хээрийн гал тогоо' тэмцээний төрөл өндөрлөж манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Харин 'Танкийн биатлон', 'Мэргэн буудагчийн зааг' тэмцээнүүдэд оролцож буй баг тамирчид хагас шигшээ тэмцээнүүдэд шалгаран дараагийн шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тодруулбал 'Танкийн биатлон' тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарлаа. Үүнээс Монгол Улсын баг тамирчид зургадугаар байранд шалгаран өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулж чадлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаан ангийн шилдэг танкчдаас бүрдсэн 4 экипаж энэ жилийн тэмцээнд чамгүй сайн амжилт үзүүлэн оролцсоор байна. Монгол Улсын шигшээ багийн 1, 2, 3 дугаар экипажууд тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангола, Лаос, Венесуэль улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдлээ.
Үзсэн: 1448
Tweet