ШАДАР САЙД ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР БНЭУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна.
Монгол Улсад зохион байгуулагдаж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижүг Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзав. Шадар сайд “Монгол Улс түүх, соёлын олон мянган жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” хэмээгээд, манай хоёр улсын харилцааны салшгүй хэсэг онцгой байдлын салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Энэтхэгийн талтай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршиж байгаа манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалаа цаашид хадгалж, бидний “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна” гэлээ.
Үзсэн: 1440
Tweet