Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ
Ази, Номхон далайн бүсэд 2 тэрбум гаруй хүний амьдрал ахуй зөвхөн хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Миний бие Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн хоёр удаагийн хуралд өөрийн биеэр оролцож санал бодлоо илэрхийлэн хамтын шийдвэр гаргалцсан, Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудлыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал гэдгийг маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомт дээр ажиллан гамшигт өртсөн хүмүүсийн зовлонг хамт хуваалцаж, тэдний гамшгийг даван туулах асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, мэргэн ухаан, эр зоригоос эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж туршлага хуримтлуулсан юм гэв.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Нэгдсэн Үндэстний Байгууллагын манлайлагч Төрийн түшээ болон Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бүс нутаг, дэлхий дахинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр дараах саналыг дэвшүүлж байв.
Нэгдүгээрт. Улс орон, холбогдох бүх талуудад хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгох.
Хоёрдугаарт. Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх.
Гуравдугаарт. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжих. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх саналыг дэвшүүллээ. Ерөнхий сайд Гамшгийн эрсдэлийг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй, хүн бүрт тэгш хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе гэж уриалав.
Үзсэн: 1309
Tweet