УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛД “АЗИЙН ИРЭЭДҮЙ 2018” ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ
УИХ-ын гишүүн С.Батболд “Жижиг орны эдийн засгийн өсөлт” сэдвээр илтгэл тавилаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Батболд зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Японы Токио хотод болсон “Азийн ирээдүй 2018” олон улсын хуралд оролцлоо. Энэ удаагийн хуралд 20 гаруй орны өндөр хэмжээний зочид төлөөлөгч оролцсон. Хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд “Жижиг орны эдийн засгийн өсөлт” сэдвээр илтгэл тавьж, хуралд оролцсон төлөөлөгчид болон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрбээр энэхүү илтгэлээрээ Азийн орнууд зөрчилдөөнөөс аль болох зайлсхийх ёстойг тэмдэглээд, өндөр хөгжилтэй Азийн орнуудыг жижиг улс орнуудаа “Бүс нутгийн” хамтын ажиллагааны гадна орхигдуулалгүй “win-win” буюу хамтдаа ялах зарчмыг баримтлахыг уриалсан юм. УИХ-ын гишүүн С.Батболд хурлын үеэр Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад Хятадын “Бүс ба зам” санаачилгын ач холбогдол, мөн Монгол-Орос-Хятад гурван улсын гурван талт эдийн засгийн коридорын талаар, ОХУ, БНХАУ-ыг холбох хурдны зам болон Орос-Хятадын газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах арга замыг эрэлхийлж байгаа зэрэг асуудлыг тэмдэглэлээ. Түүнчлэн, Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “АНУ болон БНАСАУ-ын удирдагчийн дээд хэмжээний уулзалт болох хотоор Улаанбаатар нэрлэгдэж, хамгийн сүүлд тунаж үлдсэн 3 хотын нэг болсон нь Монгол Улс аливааг дипломатч байдлаар зохицуулж, энх тайвнаар шийдэлд хүрэхийг эрмэлзсээр ирсэн, үүнийг нь дэлхий мэддэг болсны нотолгоо юм” хэмээв.
Үзсэн: 1327
Tweet