Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол удам –Дархад”


Densmaa 2018-06-21 03:06

Хубилай хааны үед бий болсон Чингисийн найман цагаан гэрийг сахиж буй Ордос дахь дархадууд Хөвсгөлийн дархадтай холбоогүй гэж ном сударт өгүүлжээ.

   Дархадын түүхийг сөхвөөс: 555 онд Түрэгийн 3-р хан Кигинь нь Саяны нурууны овог аймгуудийг эзлэн авчээ. Өмнөд Сибирийн ой тайгаар нутагладаг монгол, түрэг, самоди овгуудыг ойн иргэд гэж ерөнхийлэн нэрлэж байжээ. Ойн аймгуудын зарим нь ой тайгаар ан гөрөө хийж, урцанд амьдардаг, цаа буга малладаг бол илүү хүчирхэг аймгууд нь таван хошуу мал малладаг байсаны нэг нь ойрадууд юм. 1207 онд Чингис хааны хүү Зүчи Ойн иргэдийг эзлэн авсанаар Ойрад нэг гол хүч болж хүчин зүтгэж,14-р зууны сүүлч 15-р зууны эхэн үед Ойрад аймгийнхан Тагна Соёны нуруу орчмоос нүүж,Алтай орчмын нутгаар нутаглажээ .16-р зууны сүүлээр Ойрад Халхын хооронд дайн болж Ойрадын Галдан бошигт Тува,Урианхай,Хотгойд,Дархад нутгийг эзлэн авсан боловч манжийн цэрэгт ялагдаж Гэндэнгийн хүү Бүүвэйн хараанд орж, удалгүй Өндөр гэгээний дархлагдсан шавь гэгдэн Хараа, Ерөө рүү нүүсэн боловч эргэн удалгүй дархад нутагтаа ирж зунд нь Шишгэд голын сав газар, өвөлд нь Баянзүрхын Агар, Бэлтэс, Алтрага хавиар жилийн жилд 200-300 км газар нүүдэллэн амьдарч иржээ. Өндөр гэгээнд шавь буюу албат болж түүнээс өөр хүнд татвар төлөхгүйгээр дархлагсдан тул дархад нэртэй болсон гэдэг.

Хубилай хааны үед бий болсон Чингисийн найман цагаан гэрийг сахиж буй Ордос дахь дархадууд Хөвсгөлийн дархадтай холбоогүй гэж ном сударт өгүүлжээ.

Дархад шавийг зөвхөн тусгай бичигтэйгээр нааш цааш явж болох хууль гаргасан тул, дархадын хотгороосоо гадагш гаралгүй бусад ястнаасаа тусгаарлагдаж хамгийн хоцрогдсон угсаатны бүлэг болсон юм. Манж нар болон, шарын шашинг дэмжигч ноёдууд дархадын хотгорт бөө мөргөлийн хүч их байсан учраас бусдад халдварлаж болзошгүй гэж тусгаарлаж байсан гэж үздэг. Мөн 1586 онд Халхийн Автай сайн хан Эрдэнэзуу хийдийг бариулснаар шарын шашин улам ихээр хүчээ авчээ.

Гэвч Дархадын хязгаар нутаг тэр үед Урианхайн отогт хамрагдаж бөглүү хязгаарт байсан учир бөө мөргөл хэвээр үлджээ.

18-р зууны дунд үеэс дархад угсаатны үүсэх явц эхэлж 19-р зууны эхэн үеэс дархад угсаатны бүлэг бүрэн бүрэлдэн тогтсон юм. Өндөр гэгээнд шавь орох хүртэл дархадын хязгаарт нутаглаж байсан овог, аймгууд нэлэнхүүдээ Дархад ястны бүрэлдхүүнд орсон бөгөөд одоогийн хар дархадын дотор хамниган отгоос ч орсон байж магадгүй гэж судлаачид үздэг юм. Дархад нь олон угсаатны бүлгээс бүрэлдэн тогтсон  гэдэг нь тэдний овгоос харж болно. Тухайлбал: Дархадын Ойнод овог нь 12-13р зууны үед Танга Соёны нуруу, Шишгэд голын саваар нутаглаж байсан ойн иргэдийн удам бөгөөд Ойрадаас тасарч үлдсэн хүмүүс юм. Сүүлдээ дархад ястантай ижилсэн ихэнх нь өөрсдийгөө хар дархад гэж нэрлэх болсон. Дархадын Өөлд овог нь ихэвчлэн Улаан-Уул, Баянзүрхээр нутаглана. Өөлдийн дайны үед суурьшсан хүмүүсийн удам юм. Ринченлхүмбийн Шишгэдэд Өөлдийн дайн болж байсан ба Галдан бошигтийг ялагдсаны дараа дархад нутагт өөлд иргэдийг нүүлгэн суулгасан билээ. Дархадын Соён овог нь дотроо соён, хар соён гэж хуваагддаг.Соён гэдэг нь  ширх гэсэн үг юм. Ширхтэй газар нутаглаж байсан овог аймгийг Соён гэж нэрлэсэн гэдэг. Дархад, цаатангууд нь олноор байдаг энэ овог нь эртний самоедь , Нэн угсаатаны удам. Дархадын Шарнууд бол эртний Монгол угсаатны нэгэн бөгөөд Түмэд, Барга,Сөнид аймгуудаас 12-р зууны үед тасарч үлдсэн хүмүүс юм. Зүчи хан Ойн иргэдийг байлдан дагуулах үед дархад нутагт монгол угсаатан олон аймаг нутагладаг байсан бөгөөд шарнууд овог нь тэдний нэг байсан гэдэг. Дархадын шарнууд нар уг язгуураа Цагаадай, Цанхилхан сүлдтэй гэж тахидаг тэдний удам билээ. Дархадын уйгар, хиргис овог нь 8-10 р зууны үед Тагна Соёны нуруу орчим нутгийг эзлэж байсан Уйгар, Хиргис аймгийн удмынхан. Энэ мэт үүсэл гарлаараа ондоо боловч түүхийн урт хугацааны үед ижилсэн уусаж нэг цөм угсаатны бүлэг бүрэлджээ. Дархад дотроо Ухаа дархад, шарнууд, Хуулар, Эрхид, Балагч, Илжгэн, Ойнод, Зоот, Уйгур, Хиргис зэрэг 32 овогт хуваагддаг.

Өнөөдөр Дархад угсаатны бүлгүүд Хөвсгөл аймгийн  Баянзүрх, РэнчинлхүмбэУлаан-УулЦагааннуур сумын нутгаар голчлон амьдарч байна. Бөө мөргөлийн шүтлэгтэй энэ ард түмний нэрээр Дархадын хотгор  хэмээн цэнхэр тайга нутгийг нь нэрлэжээ.

Тэнгэр язгуурт Монгол түмний язгуурын шүтлэг бөө мөргөлийн гал голомтыг авч үлдсэн ард түмэн. Дархадын алдарт бөө “Хармайн аав-Ноё хаж бөө” бөөлөхдөө

“Хав- Аваа гэж 27 удаа дуудна

Вөө- Вөө гэж мөн 27 удаа дуудна

Тэгээд: Хөх тэнгэр- нөмөргө минь

Хөвхөр үүл-хөдөргө минь

Аянга солонго-буулт минь

Асарын орон-чуулга минь

Мөсөн цагаан мөндөр-дайралт минь

Будан хар хуймаг- нүүлгэ минь

 

Нарийн шар-Хармай буулт минь

Нам улаан мод-хорголжин минь

Нарийн цагаан үзүүр- наадам минь гэх буюу

... Сайн дураа хүрвэл сансрын орноос

Сарны гэрэл мэт туяарч буух чадалтай би

Саар дураа хүрвэл 3 настай бууран хар тэмээн хувилгаан минь

Төгрөг шар Шишгэдийг товчлон харж суусан би

Төр шажин 2-ыг хослон харж суусан би

13 отгийн эзэн нь болж явсан би

Хэсэг ногоон Дархадад шүтээн нь болж заларсан би гэж бөөлдөг байжээ.

Монгол туургатны бөөгийн нийгэмлэгийн тэргүүн, дархад бөө Чинбат ярихдаа:

-Хүннүгийн Буган хөшөө гээд газар доор байдаг соёлыг эрдэмтэд нээж судалгаа хийхэд сүйх тэрэгтэй нь эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлстэй нь оршуулсан байдаг. Энэ бол газар дор байдаг агуу их соёл. Дараа нь Түрэгийн үеийн мөн ийм соёл илэрсэн. Орчин үед энэ зүйл үгүй болжээ. Өнөөөдөр энэ соёлыг хадгалж үлдсэн  хүмүүс нь дархдууд болж байна. Тэр дотроо бөө мөргөлийн зан үйл дотор бөө хүнийг нас барахад нь оршуулдаг тэр зан үйл байна. Дархдаар бол чатар гэнэ. Халуун зун гэрт бөөлж байсан бөө тооноороо атга цасыг авч хүний хормойн дээр тавьж байж. Бөө нарын онгод хэт хүчтэй ороод ирэхээрээ тооноороо гараад явдаг гэх нь бий. Энэ юутай холбоотой вэ гэхээр Дархадын бөө нар бөөгийн ид шидийг бүрэн эзэмшиж чадсаны илрэл юм гэлээ

Дархад дотроо Хар Дархад гэж ямар овог, яагаад Хар Дархад нэрлэсэн юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Хар дархад хэмээх нэр XVII зууны эхэн хагаст Халхын баруун гарын хотогойдын язгууртан Сэнгүн баатар хунтайж Хөвсгөл нуурын умард, баруун этгээдэд хураан дагуулж эрхэндээ оруулснаар анх түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн. Сэнгүн баатар хунтайжийн хүү Гэлэг ноён хутагт Оросын зүг алдагдсан албат ардаа эргүүлж авах бодлого хэрэгжүүлж одоогийн ОХУ-ын Нижнеудинск орчмоос өөрийн хуучин албат буриад, тофалар овгуудыг нүүлгэн авчирж байсан нь хар дархадын бүрэлдхүүнд оролцжээ. Гэлэг ноён хутагт 1686 онд болсон Хүрэнбэлчирийн чуулган дээр Халхын зүүн гарын хүчирхэг Түшээт хаан Чахундоржийн дэмжлэгийг олохын тулд түүний дүү анхдугаар Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазарт өөрийн албат хар дархад нарыг шавь болгон өргөв. Жавзандамба хутагтын шавь болсон учраас 1691 онд Халх Монгол Чин улсад дагаар ороход хошуу чуулганы зохион байгуулалтад орсонгүй харин Жавзандамба хутагтын их шавийн захиргаанд багтан хоёр отогт хуваагдан захирагдаж байгаад XIX зууны дунд үеэс эхлэн гурван отог болон хуваагджээ. Тэдгээр отгийг зайсан тушаалтан захирч Их шавийн захиргаа Эрдэнэ шанзодбын яамнаас томилсон хаалгач лам нарын хамтаар Жавзандамба хутагтын хэрэгцээнд зориулсан үст албыг хурааж жил бүр Хүрээнд хүргэж өгдөг байв. Хар дархад отгийн нутаг нь өмнө талаараа Чин улсаас Оросын зүг байгуулсан гэр харуулын шугамаар халхчуудтай, умар талдаа Оросын хилийн шугамаар буриад нартай зах нийлэн Хөвсгөл нуурын баруун этгээдэд оршиж байжээ. Баруун талдаа Тагна урианхайн Тожи хошуу болон хотгойдын Дүүрэгч засгийн хошууны харьяат Ар ширхтэн отгийн урианхайчууд, зүүн талдаа Хөвсгөл нуурын хойт этгээдээр Хөвсгөл нуурын урианхай хошууны урианхайчуудтай хөршлөн харьцангуй буйд зах хязгаар нутагт оршин суусан тул дархад хэмээх угсаатны өвөрмөц соёлыг бүрдүүлсэн байна. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглахад Их шавийн дархад отог Монгол улсдаа дагаар орж Богд хааны шууд захиргаан дор захирагдав. 1921 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад Монгол улсын захиргаанд хэвээр үлдэж, 1922 оны засаг захиргааны өөрчлөлтөөр хошуу сумын зохион байгуулалтанд орж 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад одоогийн Ренчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдад хуваагдан захирагдсан түүхтэй. Дархадуудын бусдаас ялгарах давуу тал, онцлогийн талаар МУИС-ийн түүхийн тэнхимийн багш Доктор Анхбаяр ийн ярьж байна.

Дархад угсаатан Монголынхоо бусад угсаатны бүлгүүдийн адил Монгол хэл соёл, зан заншлаа хадгалж үлдсэн ард түмэн. Дархадын цэнхэр хотгортоо хаяа залган Хотгойд, Урианхай, Цаатан ард түмэнтэйгээ эв найрсагаар оршихын зэрэгцээ үнэнч шударгаар хөдөлмөрлөж байдгаараа тухайн бүс нутгийнхаа ард түмний хайр хүндлэлийг хүртсэн зон олон юм.  Нэгэн сонин түүх өгүүлэхэд 1921 онд Хөвсгөлийн тайгад дээрэм тонуул хийж явсан Оросын Цагаантнуудын дээрэмдсэн ихээхэн хэмжээний алт эрдэнэсийг Монгол цэргүүд буцаан олзолж Хүрээ хүргэж өгөх даалгаварыг арван тооны Дархад цэрэгт даалгасан байдаг. Тухайн алт эрдэнэс нь ямарч тооцоо дансгүй хэдий ч нэг ширхэгийг ч завшилгүй  шинэ тулгар Монгол төрийнхөө дансанд тушааж байжээ. Тус даалгаварыг гүйцэтгэсэн арван Дархад цэрэг улмаар их жанжин Сүхбаатарын аюулгүй байдалыг хамгаалдаг итгэлт үүргийг хүлээж ирсэн юм.

Өндөр ой хөвчөөр голдуу нутаглах Дархадууд нүүж суух, ан гөрөө хийх уламжлал нь тасраагүй. Сарлаг, хайнаг өсгөж сүү сааль авах, уналга ачилганд сургах өөрийн гэсэн аргатай. Үргэлжилсэн их бороо, цас зудыг туулах чадвартай, хүч тэнхээ ихтэй адууг сонгон үржүүлдэг уламжлалтай. Дархадын цагаан адуу гэж хар нүд, хар туурайтай цагаан адуу бий. Ган зудад тэсвэртэй энэ адуу Дархадуудын унаган хүлэг. Хаяа багтахаар бууж хазаар багтахаар нутаглах Урианхай, Цаатан Хотгойдуудад Дархадын өв соёл тодорхой хэмжээгээр туссан байдаг.  Энэ нь нүүдэлчдийн бие биеэндээ өгч авалцаж байдаг ондооших биш ойртон нягтаршдаг өвөрмөц зан үйл, нийгмийн оршин тогтнох хүчин юм.

Дархад угсаатан нүүдлийн соёл иргэншлийг илүүд үздэг ард түмэн. Гэрээ ачиж мал сүргээ туугаад гарахаараа 150 орчим км замыг хонон өнжин туулдаг. Монголдоо алдартай асар өндөр давааны цас мөсийг үл ажран Сарлаг үхэрт гэрээ ачаалж, сул үхэрт нь өндөр настан, үр хүүхдүүдээ суулгаад ажрал үгүй давна.

Зуны нэгэн өдөр нэг газарт хүн малгүй хэлэлцсэн юм шиг цуглана. Учир нь мал сүргээ хужирлах нэрийдлээр хүүхэд хөгшидгүй цуглаж багаахан хэмжээний баяр наадмыг үүсгэнэ. Олон талаас цуглаж ирсэн ахан дүүс уулзах бөгөөд залуучууд нь  бие биетэйгээ танилцаж шинэ өрх гэр үүсгэх анхны учрал энэ үед тохионо.  Найр наадмын хажуугаар арилжаа наймаа хийнэ. Залуучууд шинэ дуу хуур сурах, болгоомж муутай хэн нэгэнд зориулж  шог хошин дуу зохиож дуулцгаана.        

Хөгжил цэнгээн үүсгэдэг энэ цаг үеийг Дархад хүн бүр дурсахын зэрэгцээ ирэх зуны уулзалтыг хоног тоолон хүлээцгээнэ. Дархад хүмүүс  Монголчуудын язгуурын шашин гэгддэг бөөгийн дэг ёс, уламжлалыг алдалгүй өнөө цагт авч ирсэн гэдгээрээ нийт Монголын ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн хүмүүс. Монголын алдартай бөө нар одоо ч эх нутагтаа бөөлж ид шидийг үзүүлсээр байна.    

Өнөөгийн Дархад аялга, аялгууны авиа зүй, хэл зүй, үгсийн сангийн онцлогийг ажиглавал Ойрад, Хотгойдын аялгуутай адил тал нь давамгай харин буриад аялгуутай тал нь харьцангуй бага хувийг эзэлдэг. Утга зохиолын хэлнээс ялгаатай хэлэгддэг 2200 гаруй үг бий. Мөн Түрэг угсааны Урианхай хэлтний хүрээлэд амьдардаг гэсэн судалгаа ч бий. Үг хэллэг, ая аялгуу, үйлс хөдөлмөрөөрөө бусад угсаатнуудаасаа ялгарч харагдах дархлааг бий болгож чадсан ард түмэн. Ер нь Дархадууд дуу хууранд дуртай гэхээсээ илүүтэй бэлэн цэцэн үгтэйг нь бөөгийн дуудлага, тамлагаас нь харж болно. Үүнийг цэвэр шашин талаас нь биш хүний дотоод сэтгэлийн мэдрэмж, оюун ухааны цар хүрээнээс нь хайж болох юм. Му-ын гавьяат жүжигчин дархадын алдарт дуучин Дариймаа...

Дархад дуу хуур судлаачид энэ ард түмнийг ихэд хүндэлдэг. Учир нь ямар ч дууны үгэнд газар нутгийн бүхий л нэр тэр байтугай жижиг гол горхи, дов жалганы нэр бүгд багтсан байдаг. Газар усныхаа нэрийг залуу үе маань мартаж буй  энэ цаг үед үүн шиг чухал зүйл үгүй юм. Нөгөө талаар сайн хүн, сайхан хүлгээ магтан дуулна. Муу үйл хийсэн хүн дахин тэр үйлээ давтахгүй болтол нь шоглон дуулах ч бий. Харсан зүйлээ нүдэнд харагдтал, чихэнд сонсогдтол уран яруугаар илэрхийлэн дуулдаг ард түмэн бол яахын аргагүй Дархадууд юм аа. 

Дархад дууны ая дангийн хувьд ярих юм бол маш чамин тансаг аялгуутай. Нугалаа сайтай. Хүний чихэнд сонсголонтой. Хурц хэллэгтэй. Нэг уулын оройгоос дуулахад нөгөө уулын оройд байгаа хүнд сонсогдохуйц огцом, чанга, дээд өнгөнөөс дуунууд нь эхэлдэг онцлогтой гэж ярьсан юм. Дархадын алдарт дуучны нэг Даваажий. Дархадууд ганган Даваажий гэнэ. Даваажий гуай сүргийн бэлчээрт 70 гаруй жил явахдаа 50 орчим дууг Дархад хийгээд Монголын урлаг соёлын санд “Дархад Даваажийн ая данг” нэмэрлэжээ. Ингэж хэлэхийн учир нь Дархад дууны онцлог нь хөг аялгуундаа байдаг. Дууг дотор нь нутаг ус, түүний гол хөндий зэргээс хамаарч “Хогоргын, Шаргын, Хөгийн, Хармайн, Тэнгис”-ийн ая аялгуу тэр байтугай дуулдаг дуучны ая аялга, хөг аялгуу ч гэж ярьдаг. Даваажийн ая аялгуу, Намсрайн ая аялгуу, Дариймаагийн ая аялгуу зэрэг.

 Дархад дуу судлаачдын үзсэнээр Дархад дууг 40-өөд ая дангаар дуулдаг байна.

Хөвсгөл нутгаас дуулагдаж байгаа ардын дууны зонхилох нь Дархад дуу. 700 гаруй дуу бий гэдэг. Дархад дууны нэгэн төрөл болох харилцан дуулах шог хошин дуу. Элдэв зан үйлд зориулсан ерөөл магтаал ч элбэг. Энэ бүгдээс харахад Дархадууд шүлэг, ая дангаа өөрөө зохиож дуулах нь тэдний хувьд харганы ноос түүж эсгий хийхийн зовлон биш өвс өөрөө ургах шиг тийм л нандин, зөн билиг юм аа.

 

Аливаа үндэстэн ястан бүр өөр өөрийн түүхээ бичих явцдаа хэн ч дахин давташгүй хэл аялгуу, дуу хуур, өв соёл, зан заншлыг бий болгож байдаг. Энэ нь тухайн ард түмний бусдаас ялгарах ондоошил, бахархал, оршин тогтнол нь болж байдаг. Хошин шогийн хэр мэдрэмжтэй вэ гэдгээр нь тухайн ард түмний зан байдалыг тодорхойлж болдог гэсэн үг бий. Хөвсгөлийнхөн Дархадуудын дунд явбал биеэ зөв авч явах, үг хэлээ цэнэж ярих бичигдээгүй хууль үйлчилдэг. Ингээгүйгээс шог хошин дуунд нэрээ оруулж, алиа марзан дууны баатар болоод буцах нь элбэг. Тийм баатарууд нэн олон. Тэд дууныхаа баатарын үйл хөдлөлийг нэг бүрчлэн гаргах бөгөөд дууныхаа үгийг ихэнхдээ хоёр хоёр мөрөөр хэлж голдуу нэг аяар дуулах нь бий.

Ой тайгын хүнд бэрх давааг сарлагт нуруу ачиж дуулж давдаг ард түмэн ховор. Дуулсан дуунд нь энэ хорвоогийн жаргал зовлон бүгд багтана. Эргэх хорвоогийн өнгө төрхийг нэгэн үзүүрт сэтгэлдээ нийтгэж дээд тэнгэрт өгүүлэх Дархад зоны түүх, зан заншил, дуу хуур, ертөнцийг үзэх үзэл нь ийм бөлгөө. Тэдний жаргаж дуулсан дуу нэг уулаас нөгөө уулын салхинд ирж сэрчигнэнэ.

Үзсэн: 6805

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)