Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эрийн хийморь


Densmaa 2018-06-21 03:06

Монгол улсын 3 сая орчим адууг дотор нь Галшарын, Тэсийн голын, Жаргалантын гэж гурван том хурдан удмын адуунд хуваадаг.

   Монгол улсын 3 сая орчим адууг дотор нь Галшарын, Тэсийн голын, Жаргалантын гэж гурван том хурдан удмын адуунд хуваадаг. Галшарын хурдан удмын адууг Хардэл жанжин Пүрэвжав 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхний 20-иод жил буюу үндсэндээ 30 гаруй жилийн дотор гаргаж авсан. Харин Жаргалантын хурдан удмыг 1930 оноос 1950-иад оны сүүлийг хүртэл морин завод байгуулан, төрийн хөрөнгөөр, Зөвлөлтийн тусламжаар гаргаж авсан байна. 

   Монголын үндэсний их баяр наадам, даншгаас эхлээд одоог хүртэл сүүлийн 150 гаруй жил энэ хоёр хурдан удам ноёлж байна. Энэ хоёр удам нь Монгол адуун дээр суурилсан Төв Азийн тэгш тал нутагт үүссэн хурдан үүлдэр юм. Энэ хоёр адууг үүсэж хөгжиж, хурдалж байх тухайн үед шинэ үүлдрийн адуу юм шүү гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулж авч чадаагүй байна. Албан ёсоор нэрлэвэл Монгол үүлдрийн адуун доторх хурдан удмын хоёр үүлдэр нь энэ. Үүн дээр Тэсийн голын хурдан удмын адуу бий. Тэсийн голын адуу бол тэр нутагтаа илүү хурдан гэж нотлогдсон.

   Эдгээр удмаас гадна 12, 13 хурдан угшлын адуу байдаг. Удам болгож чадаагүй угшлын хэмжээнд үлдсэн эдгээр адууг Дарьгангийн жижиг зээрдүүд, Ширээтийн цагаан. Мөн Боржигоны, Баянцагааны, Өмнөговийн Говь Шанхын хурдан угшил гэдэг.  

 Ар Хангайн Яруугийн, Баянхонгорын Залаа заншлын, Завханы Хануйн борлогууд, Увсын Ханхөхийнх гэх мэт хурдан угшлын адуу байна. Үүн дээр Тайж адуу, Банди адуу гэж Дорноговийн Дэлгэрэх суманд үүссэн хоёр хурдан угшлын адуу бий.

    Дорноговь аймгийн  Дэлгэрэх, Хэнтий аймгийн Галшар зэрэг залгаа сумдууд бол Тайж, Банди адууны нутаг билээ.

Дэлгэрэх сум зүүн хойд талаараа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ, хойд талаараа Хэнтийн Галшартай залгадаг. Галшар сум бол хэзээнээсээ Монголын хурдан морины өлгий нутаг. Өвгөн ноён Пүрэвжавын бий болгосон угшлын адууны суурь энд бий. Дэлгэрэхийн адуу сайжрахад банди тайж адуунаас  гадна газар зүйн байрлал бас  их нөлөөлсөн байна. Банди адуу бол Монгол даяар нэрд гарсан адуу. Банди адууны үүсэж бүрэлдсэн үе нь 1920-оод оны сүүлч 1930-аад оны эх гэж адуу судлаачид үздэг.  Энэ талаар түүхч Баатарын ярианд анхаарлаа хандуулъя.

Галсанбанди гэдэг хүн 1950-иад он  эхээр байсан. Их өндөр настай. Ноён хутагтын зохиол бүтээлд өчүүхэн шавь Шагдаржавдаа зориулав аа гээд олон зохиол байдаг.  Өчүүхэн шавь гэсэн тэр  хүн нь манай ээжийн ээжийн эцэг. Мээрэн цолтой тайж хүн байсан. Тэр хүн Галсан бандийн хамаатан хүн байж. Би 16,17 нас хүртлээ Галсан бандийн хойд үеийн адуун дунд өссөн хүн. Мээрэнгийнхэн гээд тэр хавийнхан манай бор гэт цуглардаг байлаа.  Тухайн үед настайчууд ярина. Би олон ч удаа сонсож байсан.  Галсан банди гуай бол манай адууны удам бол эр хоёр загалын чигийн адуу. Хэнтийн Дадал суманд Шагдар мээрэн  олон гүү авч очиж азарганд гишгүүлж авч ирсэн.

   Сүүлийн үед өвгөн ноён хүртэл авч адуугаа авч өсгөсөн.  Манай адуу үүссэн газар гэж өвгөн ноён  Дэлгэрэхийн алтан өвөөнд наадам хийсэн гэдэг.Дэлгэрэх Гал шар хоёр хоорондоо ойрхон. 30-аад км зайтай. Холоос ирсэн адууны угшил гэж Пүрэвжав авсан гэдэг. Тэр Шагдаржав мээрэнгийн хойд үе бол Галсан банди юм.  Галсан банди л уяж хурдлуулсан. Энэ тухай 50-иад оны эхээр уяачид ярьдаг байсан. 2007 онд Чингисийн төрсөн нутгаар  хүмүүстэй явсан юм. Зундуйдагва гэж Чингисийн гэр музей байгуулсан хүн гээд телевизээр гарч байсан даа. Тэр гэр музейг үзэхээр очсон. Гэр музейг байгуулсан хүнтэй уулзахаар нэг хүнээс асуусан. Бие нь муу. Хүнтэй уулзахгүй байх. Хойд тэрэгний сүүдэрт хэвтэж байгаа гэсэн. Ингээд өвгөнтэй уулзаж хууч хөөрлөө. Сүүлдээ бардамнах маягтай. Та нар ч халхын хурдан адуу гээд байдаг. Манайхаас л үүссэн гээ биз дээ.  Дорноговь гэдгийн чинь  зүүн хойд  биеэс  Мэрэн хүн баахан гүү авч ирсэн гэдэг. Эр хоёрын загал төрсөн газар гэдэг чинь тэр юм ш  дээ гэж жаахан хар овоог зааж байна. Ингэж  баримт нь нийлсэн. Адууны үүсэл нь бол гарцаа байхгүй тэр чигийнх.

Тайж банди адуу үүсэх хамгийн гол үүсэх үндэс юу гэхээр Хилэн хормой гэж халхын сайн эр Дэндэв тайжийн эцгийнд тахийн үр, монгол гүүнээс гарсан адуу авчирч өгч байсан аман мэдээ байдаг. Харин  Дэндэв тайжийн адууны  гарал үүслийн тухай түүхч Баатар аман ярианд үндэслэн ийм тайлбар хэллээ.

Баатар: Дэндэв тайжийн хүү 60-н хэдэн он хүртэл байсан. Улсын алдарт уяач Дамба гэж хүний хадам эхтэй аяга цайгаа хувааж уудаг байсан тийм өвгөн байсан. Дамба гуайг морь уях эрдэмд сургасан ийм хүн. Би Дамба гуайг анх морь уях үеэс нь мэднэ.  Морийг  нь хөлсөлдөг байлаа. Нийлж морь уяж  миний уяулсан үрээ хүртэл түрүүлж байсан. Тэр Шагдарсүрэн гуай ярина. Гэхдээ айхтар юм ярьдаггүй. Манай адуу бол оргодол гэж хүний авч ирсэн хээр үрээнээс үүссэн. Энэ тухай манай элэнц эмээ ярьдаг байсан. Оргодол бор гэдэг хүн мээрэн Шагдаржавынхаар ирдэг байсан. Дэндэв тайжийн эхнэртэй нууц амрагийн холбоотой болчихсон гэдэг. Тэр оргодол хэд хэдэн удаа баригдсан гэдэг. Хамгийн сүүлд баригдаж явахдаа. Дэндэв тайжийн эхнэр: Би ахиж ирэхгүй гээд тэр хээр үрээг үлдээгээд явсан гэдэг. Тэр хээр үрээнээс хурдан удмын адуу нь үүсжээ. Дэндэв тайж, Галсан банди нар ойр айл саахалт байсан. Ингэж тайж, банди адуу үүсжээ. Дэндэв тайжийн ач хүү Тод магнай Чүлтэмсүрэн гэж байсан. Ногоон халзан морьтой.

Дэндэв Тайж, Галсан банди адууны цөм суурь болсон Дэлгэрэх сумаас төрийн хишигт улсын цолтой уяачид хамгийн олноор төрөн гарсан байдаг. Тэдний тэргүүн магнайд Монгол улсын Манлай уяач Гүнширийн Дамба агсан бичигддэг. Түүний хүү Борхүү манай адуу өвөл уралдаж байж зун түрүүлдэг байсан гэлээ.

Борхүү: Манай эцэгт 3-н үеийн сайн азарга төрсөн. Жинхэнэ тайж адууны хүрэн азарга байсан. Өвөл уралдаад зун түрүүлдэг байсан. Би өөрөө унадаг байсан. Манайх хүрэн, будан голдуу адуутай байсан. Үүний дараа Цэрэносор адуунаас азарга авч тавьсан. Нүдэн Цэнд гэдэг хүнээс хонгор азарга авсан. Сүүлд Батсүх гэдэг хүнээс ембүү азарга авсан. Түүнээс гарсан олон хурдан азарга байна даа. Та нар азарга уядаг улс дэлийг нь буулгачхаад байх. Дэл нь унжсан азарга муухай байдаг юм шүү гэж манай эцэг хэлдэг байсан. Тарган азарга тавьж уралдуулдаг байсан даа.

Монгол улсын Манлай уяач Гүнширийн Дамба агсан 1948 оноос хурдан моринд шимтэх болжээ. Түүнийг  хурдан морьтой хувь заяагаа холбоход Жааяа хэмээх багш ламтан нь ихээхэн дэмнэсэн гэдэг. Багшийнх нь бэлэглэсэн Тайж угшилтай хүрэн үрээ 1948 онд сумын наадамд түрүүлж, их амжилтынх нь өмийг нь нээжээ. Хожим Г.Дамба Манлай “багш минь миний зам мөрийг засч, өнөөдрийн амжилтанд хүргэсэн гэж боддог шүү” хэмээн талархлаа илэрхийлж байжээ. Лам багшаас нь бэлгэнд ирж даагандаа сумын наадамд түрүүлсэн хүрэн үрээ хожмоо Их хүрэн хэмээх хурдан азарга болж, соёолонгоос нь эхлэн гүү хураалгах болжээ. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат олноо “монхор” хэмээн алдаршсан нэрт уяач Халтараас Галшар угшилтай гурван гүү авч хураалган Бага хүрэн хэмээн хурдан хүлэг нь төржээ. Харин нутгийн Маруугаас Банди угшлын будан гүү авч  хураалган, Морин зээрд азарга нь гарсан гэдэг. Г.Дамба агсан Бага хүрнийхээ төл хүрэн азаргыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, Ч.Дорждэрэмд бог малаар арилжиж авчээ. Дорждэрэм бол өнөө цагийн хурдан буянгуудын нэг Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы эзэн Пүрэвдоржийн өргөж авсан эцэг юм. Тэрээр сумынхаа баяр наадамд 11 түрүүлж, гурав айрагдсан Эмнэг зээрд гэх хурдан морьтой байсан билээ.

    Дэндэв тайжийнх голдуу халтар хээр, бараан зүсмийн адуутай байсан. Харин банди гэдэг нь дэл сүүл шингэнтэй, цагаан цоохор адуутай. Монгол даяар нэрд гарсан нь Галсан банди адууны үр үндсэнд Шивээтийн цагаан адуу орсон байхыг үгүйсгэхгүй. Нутаг ч их ойролцоо. Энэ угшил судлаачдын нүдэнд нэг их өртөөгүй. Галшар, Тэс, Жаргалантыг бол гадаад, дотоодын орос монгол адууны сэдвээр оролдсон эрдэмтэн болгон л авч үздэг. Угшлын хэмжээнд үлдсэн Тайж адуу, Банди адууг судлаачид шинжлэх ухааны түвшинд судалж дүгнэсэн зүйл одоохондоо байхгүй юм. Гэхдээ Галсан банди адуу хурдан, хурц гэдэг нь мэдэгдээд байна. Банди адуугаар анх морь уяж эхэлсэн хүний нэг  бол Дэлгэрэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Ухна. Тэрээр 1967 онд цэрэгт явж ирээд 1970 онд Галсанбандийн Маруу өвгөнөөс хурдан цагааны угшилтай халзан азарганых нь төл зээрд үрээ авч азарга тавьж байжээ. Банди адуу бас хөнгөн. Гэхдээ их эцэж давхидаг, эцэнхийг их даадаг гэж жигтэйхэн.  Дээр үед одоогийнхтой адил тэжээж байсан биш, бэлчээрийнхээ цагаан өвсөөр уралдана.

Унаа эдэлгээнд сайн, эцэнхийдээ сайн явдаг. Хойд зүгээс авсан морь хар махтайгаа харшихад, манай банди, тайж адууны цус орсон адуу эцэнхий, хариугүй юм шиг хэрнээ ясархуу чадалтай адуу байдаг хэмээн аймгийн Дэлгэрэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Ухна  ярьж байна.

Л.Ухна: Цэргээс ирээд Өвгөн гэдэг хүнээ  зээрд үрээ аваад өөрөө сургаж уяад сумын наадамд айрагдуулж гараагаа эхэлж байсан. Тэр зээрд үрээний үр төлөөр адуужиж, олон айраг, түрүү авсан.  Голдуу цоохор, будан цоохор, зээрд адуу байдаг байсан. Их гоё ганган, цэвэрхэн зээр шиг адуунууд байж1971 оноос Маруу өвгөний хурдан зэгэл морийг нь маллаж, уяж анхны уяагаа эхэлсэн.  Хурдан зэгэл суманд 7-8 түрүүлсэн ажнай.

Өдгөө банди, тайж адуу хааяагүй тархжээ. Манай банди, тайж адуунаас сайн морь их төрдөг. Манайханд Адилаа адуу орж байж л сүүлийн үеийн азарганууд нь хурдалдаг. Өөрсдийнхөө адууг энэ дотроо хадгалж, удам угшлыг нь сэргээх хэрэгтэй байгаа юм. Урьдын улс дэндүү их холдуулбал сүүлдээ учраа олохоо байдаг, эргэж дотор нь тавьж байх юм бол хурднаараа байдаг гэж ярьдаг байсан. Талыг нь холдуулаад эргэж тавих журмаар манай банди адуу хадгалагддаг гэдэг. Хэт их холдуулбал аль ч үгүй болдог, уяач ч өөрөө аль ч ухаанаа олохоо байна. Тэрийг би ортой болов уу гэж санадаг гэдгийг Ухна уяач онцоллоо. 

Үзсэн: 2610

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна