Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20,21-12-2024
Монгол

Шинэ мэдээ

“Үүлэн борын хурдаар”


Densmaa 2018-06-21 02:06

Хүний сэтгэлд хүрсэн монгол хүний оюунд нь байнга байдаг хатир жороо, үлгэрийн гэмээр сайхан хүлгийг уянга яруу эгшиглэнгээр зурж дүрсэлсэн бүтээл бол “Үүлэн бор” юм.

   Уулс үүлсийн дээгүүр түмэн адуун сүрэг давхилдах ахуйд ”Үүлэн бор” морь эрчилсэн сум мэт сугарч үзэгдэнэ. Дэл юугаа согсолзууланхан салхи татуулан хурдлах “Үүлэн бор” согоо чихээ солбилзууланхан хатируулах нь эцэж цуцашгүй шандастайг гэрчлэнэ.

Тэртээгээс айсуй тэнгэрийн гуурстай  энэ хүлэг далавчтай мэт үүлс уулс сүлжиж хатиранхан өргөн шаргал талд тоос татууланхан бууна. “Үүлэн бор” бүтээлийг сонсох бүрт үлгэр зүүдний гэмээр тийм нэгэн дүр дүрслэл хэн бүхний сэтгэлд эрхгүй төрнө. Аль эсвэл уудам талд адуу үүрсэж үүрийн шаргал туяа цэлийх ахуйд хараа сунгаж сэтгэл нь тэнийсэн адуучин уургаа барин хатир жороо мориороо дэрвүүлэнхэн уртын дуугаа аялах тийм утга уянгын зураглалыг төсөөлж ч болох юм. Ерөөс аялгуу гэгч эрхэм тансаг уянгалаг атлаа бариад авах зүйл үгүй. Гэвч  хүмүүний мэлмийд үзэгдэхгүй ч сонороор дамжин зүрхэнд хүрч эгшиглэдэг увдистай. Сэтгэлийн чандад хүрч аялгуу эгшгээр тайтгаруулах тийм  зохиол бүтээлийг гаргана гэдэг хөгжмийн зохиолчийн авьяас билгийн илэрхийлэл юм. Үндэсний их баяр наадам бол Монгол түмний их цэнгэлийн манлай. Тэр дундаа хурдан морины уралдаан, Монгол аялгуу хоёр дэлхийн хүн төрөлхтний сэтгэлийг өргөж дэвжээсээр ирсэн.

Үндэсний их баяр наадмаар хамгийн их эгшиглэдэг бүтээлийн нэг бол “Үүлэн бор” гэдэгтэй маргах хүн үгүй биз. Монголын нийтийн дуу, ардын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч хөгжмийн зохиолч Цэндийн Сүхбаатар “Үүлэн бор”-оо 1958 онд зохиосон байна. Энэ бүтээлийг одоогийн Ардын жүжигчин Чүлтэмийн Батсайхан пянзанд анх бичүүлж олны хүртээл болгож байжээ. Ингээд энэ эрхэм уран бүтээлчийг та бүхэнтэй уулзуулъя.

Ц.Батсайхан: Би 1970 онд хөгжим бүжигт орсон. “Үүлэн бор” хэмээх энэ аялгуу сургалтын хөтөлбөрт ороод гол төлөв бага ангийн хүүхдүүд тоглодог байсан. Тухайн үед үндэсний хөгжим зориулсан бүтээл гол төлөв Сүхбаатарын бүтээлүүд байр суурь эзэлж байсан юм.  Морины тухай холбогдолтой зохиол тэр үед “Үүлэн бор” байсан. Би бага ангид байхдаа шалгалт өгөхдөө тоглосон. 1978 онд ардын дуу бүжгийн чуулгад орсон. Гавьяат жүжигчин Мэнд-Амартай ярилцаад 1979 онд  ардын найрал хөгжимтэй анх “Үүлэн бор” бүтээлийг тоглосон. 1979 онд Оросоос Монголд анх удаа пянзны бичлэг хийсэн. Тухайн үед Билгийн Дамдинсүрэн гуай кино үйлдвэрт бичиж байсан. Тухайн пянзан дээр” Хурдан бор” гэсэн нэртэйгээр орсон. Монголын анхны энэ пянзан дээр ийнхүү бичигдсэний дараа Монголын радиогийн алтан фондод орсон. Энэ аялгууг нэг дүрсжүүлэх санаатай байгаа. “Үүлэн бор”  хэмээх энэ аялгууг тоглох бүрт сайхан хурдны морь  байвал магнайд нь явж байгаагаар төсөөлдөг. Далавчтай бол үүлэн дээгүүр нисэж байгаа тийм домгийн хүлэг мэт төсөөлөгддөг. Энэ аялгууг гадаад дотоодын гэлгүй  морин хуур сурч байгаа бүх хүмүүс тоглож байна.

Нэрт хөгжмийн зохиолч Цэндийн Сүхбаатарын “Үүлэн бор” бүтээл нь ЮНЕСКО-ын Дэлхийн хөгжмийн алтан фондод албан ёсоор бүртгэгдэн оржээ. Энэхүү бүтээл нь Монголын ард түмний дунд ардын дуу мэт түгэн морин хуур тоглодог хүүхэд, хөгшид хүн бүхний урын санд байдаг билээ. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 800 морин хуурч энэ аялгууг эгшиглүүлсэн нь ард түмний дунд мөнхөрсөн юм. Цэндийн Сүхбаатар байгалийн зураглалыг хөгжмөөр гайхамшигтай илэрхийлдэг хүн.  

“Үүлэн бор” бүтээлийг хөгжмийн зохиолч бүтээхдээ ардын уламжлалт татлагаас сэдэв, хэм хэмнэлийг нь авсан гэж Хөгжим судлаач Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Чойжамцын  Буянхишиг хэллээ.

Буянхишиг: Монгол хүн морь хоёрыг салгаж ойлгож болохгүй. Уран бүтээлчдийн салшгүй нэг сэдэв морь. Бид өнөөдөр “Үүлэн бор хэмээх сайхан бүтээлийн тухай ярьж байна. Энэ бүтээлийг ярихын тулд хөгжмийн зохиолчийн тухай хэдэн үг зайлшгүй хэлэх хэрэгтэй. Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар нь 1930 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт төржээ. 1952 оноос үлгэр жишээ найрал хөгжмийн даргаар дэвшин ажиллаж байв1962-1967 онд ЗХУ-н П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцан төгссөн. Завхан аймгийн соёлын ордон, Архангай аймгийн соёлын ордонд хөгжмийн багш, Улаанбаатар хотын соёлын ордонд хөгжмийн багш 1976-1984 он хүртэл Дархан хотын залуучууд театрт хөгжмийн багшаар ажиллаж байсан. Энэ хүний бүтээлүүд дотор онцлох зүйлүүд байдаг. Байгалийн зураглалыг гайхалтай хийдэг. Энэ “Үүлэн бор“ гэдэг бол баруун Монголын татлага,төв халхын татлага, жороо морины явдал гэж байдаг. Үүний нэг төрөл. Гэхдээ ардын уламжлалт татлагаас сэдэв, хэм хэмнэлийг нь авсан болохоос ая аялгууг нь аваагүй. Морь галгиулаад л явж байгаа мэт тийм л хэм хэмнэл, дүр дүрслэл буудаг. “Үүлэн бор” хэмээх энэ аялгуу бол монгол хүний сэтгэлийг өргөж чадсан. Морь монгол хүн ямар шүтэлцээтэй байдаг юм бэ?. Морь гэдэг амьтан ямар хийморьлог амьтан бэ? гэдгийг харуулсан. “Үндэсний их баяр” наадмыг бол морь, сур бөхгүйгээр төсөөлдөггүй. Тиймээс энэ хөгжмийг бид нэвтрүүлэгтээ оруулж байгаа нь монгол түмний бахархал болсон морь, морин хуураар дамжуулж та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байна гэсэн үг.

Монголын хөгжмийн зохиолчдийн бүтээлийг сонсоод байвал аялгуу нь уртын дуу, ардын дуу, хэмнэл нь морины хэмнэлтэй. Энэ нь нүүдэлчин монголчуудын өөрсдийн бүтээсэн сонгодог уламжлал ёс заншилтай холбоотой. 20-р зууны эхэн үеэс эхлэн хөгжөөд мэргэжлийн төвшинд хүрч симфони найрал хөгжимтэй нэг ангит буюу нэгээс дээш 3-н ангит морин хуурын бүтээлүүд бий болжээ. “Үүлэн бор”  хэмээх энэ бүтээл нь эдгээр хөгжмийн томоохон  бүтээл бий болох хөгжлийн гараа болсон төдийгүй өнөөдрийн томоохон бүтээлүүдийг төрүүлэх нэг үндэслэл болжээ. Энэ талаар Үндэсний урлагийн их театрын ардын найрал хөгжмийн удирдаач Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Намайхайн Буянбаатар ярьж байна.

Н. Буянбаатар: “Үүлэн бор” бол намайг 1978 онд хөгжим бүжгийн коллежид орж ирэх үед морин хуурын сургалтанд голлох байр эзэлдэг бүтээл байсан. Монголын хөгжмийн зохиолчид бол хөгжим бүжгийн сургалтыг хөтөлбөрийг баяжуулах урын санг нэмэгдүүлэхэд олон хөгжмийн зохиолчдын хүч хөдөлмөр шингэсэн. Үүнийг нэг нь Сүхбаатарын “ Үүлэн бор” гэж бүтээл. “Үүлэн бор”-ыг тоглоогүй морин хуурч байхгүй. Иймээс “Үүлэн бор” гэдэг бүтээл бол Монголын  морин хуурын ард түмний хүсэн хүлээдэг хүлээн зөвшөөрөгдсөн ийм бүтээл юм. Үеийн үед сонсогдсоор байх болно. 

Хүний сэтгэлд хүрсэн монгол хүний оюунд нь байнга байдаг хатир жороо, үлгэрийн гэмээр сайхан хүлгийг уянга яруу эгшиглэнгээр зурж дүрсэлсэн бүтээл бол “Үүлэн бор” юм гэдгийг Үндэсний урлагийн их театрын ардын найрал хөгжмийн удирдаач монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Намайхайн Буянбаатар онцоллоо.

Н. Буянбаатар: “Үүлэн бор”-ыг сонсох юм бол  яг л морь давхиж байгаа тийм дүр дүрслэл харагдана.  Аялгууг нь сонсох юм бол ардын уламжлал хурдан морины гийнгоо яваад байгаа тийм сэтгэгдэл төрнө. Монголчууд мориндоо эрэмгий. Нэгэн цагт бол хамгийн худан унаа бол морь байлаа. Түүний ид шид, монгол хүний эрэлхэг дайчин чанараараа нэгэн цагт дэлхийн том гүрэн явсан. Монголчууд морин хуур, уртын дуу, хөөмийг өөрийнхөө ахуй дээрээс бүтээсэн. Энэ төрмөл урлаг хөгжимдөө, бүжигэндээ шингэчихсэн. Хөгжмөөрөө Монголынхоо тал нутаг байгалийнхаа сайхныг худан морио энэ бүхнийг дуу хуурандаа шингээгээд өгчихсөн. Энэ нь уламжлагдаад томоохон бүтээлүүд төрөн гарах эхлэл болсон. Өөрөөр хэлбэл уламжлал шинэчлэл хосолсон  бүтээл гэж байна. Үүний нэг нь яах араггүй “ Үүлэн бор” гэдэг бүтээлийн  юм. “Үүлэн бор” хэмээх бүтээлийн одоо хийгээд хойшид ч гүйцэтгэх үүрэг нь асар их ач холбогдолтой юм. Энэ бол морин хуурын гоцлол бүтээл. Ард нь тоглодог нь төгөлдөр хууртай тоглоно. Ардын хөгжимтэй тоглоно. Морин хуурын чуулгатай тоглоно. Дан морин хуурчид дангаараа тоглодог. Энэ бүтээлийг өөрчлөхийн араггүйгээр хийчихсэн. Энэ бүтээлээс санаа авч дараа дараагийн бүтээлүүд бий болсон. Хөгжмөөр бол яг л зурчихсан. Түүн дээр нь бодит морины уралдааныг тайлбарлан хүргэхээр жинхэнэ уртаа олоод байдаг юм. Зүгээр сонссон ч гэсэн давхиж яваа морь Монголын ард түмний нүүдлийн соёл байгалийн дүрслэл харагдана.

Хэл, хил, орон зай, шашин шүтлэг яс үндэс үл хамааран хүмүүний сэтгэлд хүрч чаддаг бүтээлийг сонгодог бүтээл  хэмээн хүмүүн төрөлхтөн тодорхойлж хүлээн зөвшөөрсөн билээ. “Үүлэн бор” хэмээх энэхүү уянга яруу утга төгс илэрхийлэлтэй бүтээл бол өнөө хийгээд хойшид ч эгшиглэсээр байх тийм  сонгодог бүтээл ажээ.

Үзсэн: 4464

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна