МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНД 7200 НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТАТВАРГҮЙ ГАРГАХ БОЛОМЖТОЙ
Монгол Улс өнгөрсөн онд Европын холбооны зах зээлд 67 сая еврогийн борлуулалт хийжээ.
Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг болон шинээр бараа экспортод гаргах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий “Европын холбооны худалдааны өдөрлөг” МҮХАҮТ-д боллоо. Европын холбооны 5 сая еврогийн санхүүжилтээр 4 жилийн хугацаанд хэрэгжих Монголын худалдааг дэмжих төсөл нь Монгол Улсын худалдааны бодолгыг боловсронгуй болгох, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор хэрэгжиж байна. Энэ тухай МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг “Монгол Улс Европын холбооны зах зээлд 67 сая еврогийн борлуулалтыг өнгөрсөн онд хийсэн бөгөөд үүний 40 хувийг нэмүү өртөг шингээгүй, хагас боловсруулсан түүхий эд эзэлснийг дурьдав.
Монгол Улс Европын холбоотой 2005 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус зах зээлд нийт 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй гаргах боломжтой. Үүнд сүлжмэл, эсгий, өлөн гэдэс, хивс, монгол гэр, гэрийн тавилга, хагас боловсруулсан арьс шир зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж буй юм. Энэ тухай Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Трайан Христеа “Монголын худалдааг дэмжих” төсөл нь Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна шинэ ажлын байрыг бий болгоход туслах юм. Ингэснээр Монголоос Европын холбооны зах зээлд гарах бүтээгдэхүүний чанар сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үзсэн: 1471
Tweet