“Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ эхэллээ
“Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ 6-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байна.
Монгол улс, ОХУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын Санаачилга 2018”цуврал арга хэмжээ 6-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны яам Гүйцэтгэгчээр Монгол-Оросын Худалдааны Танхим, ОХУ-ын Росспецмаш компани, ОХУ-ын Российский Экспортный центр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл Экспо компани тус тус ажиллаж байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд болж ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарын 90 компанийн 250 орчим төлөөлөгчид оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна. Мөн хоёр улсын Засгийн газар, холбогдох яам, байгууллагын зүгээс Монгол, Оросын харилцаа, голлох салбаруудын хамтын ажиллагааны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар санал солилцох нэгдсэн хуралдаан, салбар хуралдаан, эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдах юм. Арга хэмжээний хүрээнд И.Моисеевын нэрэмжит академик чуулга Соёлын төв өргөөнд уран бүтээлийн дээжээсээ толилуулах бол Монгол Оросын найрамдалт харилцаа, түүхэн зургуудыг дэлгэн үзүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол, Оросын залуу жудочдын нөхөрсөг барилдаан, Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт Сүхбаатарын талбайд болно.
Үзсэн: 1585
Tweet