МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX) компанийн Монгол Улсад хувьцаа гаргах 4,000,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэжээ.
Санхүүгийн зохицуулах хороо Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн Монгол Улсад гаргах 4,000,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэсэн. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлд дэлхийн нэр хүнд, нөлөө бүхий томоохон хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцаа давхар арилжаалагдах боломж анх удаа бүрдэж байна.
Өчигдөр тус хувьцааны арилжааг эхлүүлж, нээлтийн цан цохих ёслолын ажиллагаа “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн арилжааны танхимд боллоо. Монголын хөрөнгийн зах зээлд хөгжлийн түүхэн шинэ бүлэг нээгдэж байгааг онцлоод, дэлхийн стандарт шаардлагыг хангаж Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн компани манай үнэт цаасны зах зээлд хувьцаагаа арилжаалах нь эргээд дотоодын хувьцаат компаниуд, улмаар зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ гэлээ. Мөн хөрөнгийн зах зээл иргэд, хөрөнгө оруулагчдад үнэт цаасны арилжаанд оролцох, бизнесийн байгууллагуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шаардлагатай хөрөнгө санхүүжилтыг босгох боломж олгодог бол төр, засагт ядуурлыг бууруулах, баялгийг зөв хуваарилах нөхцөл бололцоог бий болгож өгдгөөрөө онцлог болохыг дурдав.
Үзсэн: 1483
Tweet