Төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал солилцлоо
Төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг Монгол Улсад нутагшуулах энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Улаан нар манай улсад ажиллаж буй Нидерланд улсын Засгийн газрын төлөөлөгч, Сангийн яамны ажилтан Жээрд Тим /Tjeerd Tim/, Гижс Баккер /Gijs Bakker/ нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар зочид Европын холбооны улсаас эрхлэн төсөвт зардлын үнэлгээ хийдэг Нидерландын системийг үндэслэн улс орнуудад төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад Монгол Улсад нэвтрүүлэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж эхэлсэн талаар танилцуулжээ. Танилцуулгадаа “Төсөвт зардлын үнэлгээ хийх нь өнгөрсөнд санхүүгийн ямар нэгэн аудит хийх бус ирээдүйд бий болгох хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой төлөвлөж, хуримтлал үүсгэх, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэл учирвал хөрөнгөө хэрхэн зарцуулах зэргийг тооцон гаргаснаа бодлогын тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулдаг санхүүгийн аргачлал” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Талууд УИХ-ын бүтэцд төсөвтэй холбоотой бүх асуудлыг хэлэлцдэг бие даасан Төсвийн зөвлөл байж болох талаар, энэ чиглэлээр бусад орнуудын туршлагын талаар ярилцлаа.
Үзсэн: 1254
Tweet