Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголд нисэхийн төрлийн үйлчилгээ өргөжинө


Densmaa 2018-06-05 05:06

Нисгэгч хүнд хамгийн чухал нь мэдрэмж, онгоцыг мэдрэхгүйгээр жолоодохгүй

   Орос улсаас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд Нисэхийн салбар байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог. Монголын иргэний агаарын тээврийн хөгжилд 1956 он шинэ эринийг нээжээ. Учир нь 1956 оны эхээр Орос улсаас таван Ан-2 онгоц ирж, нисгэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болсон байна.

Гадаадын сонсогчид Монгол улс онцгоцны нисгэгчдээ хаана бэлтгэдэг, Монголын авиа компаниуд дэлхийн аль хотуудад нислэг үйлддэг, монголын хүүхэд залуучууд ямар мэргэжлийг  сонирхдог тухай асуусан байна. Бид сонсогчдынхоо захидлаас үүдэн “Монголд нисэхтэй холбоотой үйлчилгээнүүд өргөжинө” сурвалжлага бэлтгэлээ.    

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц юм. Тиймээс агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцож төрийн бодлогоор дэмждэг.

Агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргажээ. Ингэснээр Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрэх, гуравдагч ертөнцтэй шууд холбогдон Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжих, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх гээд олон давуу тал бий болж байна.

    Өнөөдрийн байдлаар Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ”, “Хүннү эйр”, “Аэро Монголиа” компаниудаас гадна гадаад орнуудын “Аэрофлот”, “ЭйрЧайна”, “Кореан Эйр”, “Туркиш Эйрлайнс” зэрэг компаниуд Берлин, Франкфурт, Бээжин, Тянжин, Манжуур, Хайлаар, Истанбул, Москва, Иркутск, Бишкек, Сөүл, Бусан, Токио, Хонг Конгоос тогтмол шууд нислэг, Жежү, Хайнан, Бангкок,  Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг хот руу захиалгат нислэг үйлдэж байна.

Агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх эдийн засгийн үр ашигтай үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх нь Иргэний нисэхийн олон улсын байгууллагын тэргүүн зорилт юм. Тиймээс ч энэхүү зорилтыг гишүүн орнууддаа хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Манай улсын хувьд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт үзүүлэлтэд тулгуурласан навигацийг 2020 он хүртэл бүрэн хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах тухай тусгасан. Тиймээс ИНЕГ-т байгуулагдсан Олон улсын агаарын замуудад үзүүлэлтэд тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хэсгээс агаарын замуудыг тогтоон нислэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг боловсруулан, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.

Монголд геологийн салбарт мөн онцгой байдлын албанд тусгай зориулалтын онгоцыг хэрэглэж ирсэн бол цаашдаа нислэгийн төрөл өргөжинэ гэж Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн дарга Г.Батбаяр ярьж байна.  

Батбаяр: Хувь хүний нислэг буюу ерөнхий зориулалтын нислэгийг боловсруулан ажиллаж байна. Энэ төлөвлөгөө боловсрогдоод биеллээ олвол хувийн нислэг болон аялал зугаалга, амралтын хөөрөлт буултууд, шүхрээр нисэх бөмбөлөгөөр хөөрөх бүхий л төрөл зохицуулалттай болно. Ингэснээр нисэхтэй холбоотой үйлчилгээнүүд өргөжихөөр байна.

Нөгөө талаар бид агаарын салбарт либералчлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь гадаадаас ирэх жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, гадаадаас нэмэгдэж байгаа агаарын тээврийн нислэгүүдэд зөвшөөрөл олгох хугацааг багасгах, чирэгдэлгүй үйлчлэх ийм зорилготой. 2020 он гэхэд нилээн чөлөөтэй либералчлагдсан агаарын тээврийн эдийн засагтай байхаар иргэний нисэх ажиллаж байна.

/”Нисгэгчийн дуу”/

Жигүүртэн хүрээгүй уулсын

Оргил тэргүүн дээгүүр

Жилдээ хүрэмгүй газарт

Өдөртөө очоод ирлээ

Мөнгөн цагаан хүлэг минь

Дүүлж явна аа хө

Мөнгөн цагаан хөлгөө бариад

Дуулж явна аа би ...

Эрхэм сонсогчид оо. Та бүхэн “Нисгэгчийн дууг” сонсож байна. Энэ дуу Буянт-Ухаагийн дэнжид гэрэлт хөшөөнд мөнхөрсөн бөгөөд энэ жил дуу зохиогдсоны 50 жил тохиож байна. 

Нисэхийн мэргэжлээр ажиллаж байгаа 3000 гаруй хүнд байнгын болон давтан, дадлага олгох сургалтуудыг 40 дэх жилдээ явуулж байгаа Нисэхийн сургалтын төв нь хүүхэд залуучуудад мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

Нисгэгч болох сайхан. “Хүн болгон нар мандах бас жаргахыг хажууд нь байгаа юм шиг харж чадахгүй” гэж нисгэгч нар ярьдаг.

Монголын иргэний нисэх аюулгүй байдлаараа дэлхийд 15-д, бүс нутагтаа 5-р байранд явж байна. Энэ нь иргэний агаарын тээвэр аюулгүй байна гэсэн үзүүлэлт. Аюулгүй байдал нь нисэхийн ажилтан бүрээс хамааралтай учраас нисэхийн мэргэжил сонгож буй хүүхэд залуусаас нэн түрүүнд хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг.

Хүүхэд залуучууд нисэхийн мэргэжлийг сонирхож байгаа нь тэдний идэвх, хандах хандлагаас харагдаж байсныг нислэгийн удирдагч нар онцолж байв. Тэд хүүхдүүдийн хаягыг авч тусгайлан мэдээллийг хүргэж байжээ. Энэ тухай Нисэхийн сургалтын төвийн дэд захирал С.Батхуягийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Батхуяг: Нисэхийн мэргэжил сонирхож буй хүүхдүүд өөрийгөө бэлдэх нь чухал. Өөрийгөө бэлдэнэ гэдэг нь хэл ус, эрүүл мэнд дээрээ анхаарсан байхад нисэхийн мэргэжлээр сургадаг гадаадын бүх сургууль нээлттэй байна. Өнөөдрийн залуучууд их чадвартай болсон байна. Өдөрлөгийн үеэр манай нислэгийн удирдагч нар англи хэлтэй дөрвөн залууг гаргаж тэмцээн явуулсан. Нислэгийг удирдагч хүн ажил дээр гарангуутаа ямар үйлдэл хийдэг вэ гэж. Тэгээд тэр дөрвөн хүүхэд нислэгийн удирдагч нарын заасан холбоогоор хоорондоо яриад, агаарын хөлгийг удирдах дасгалаа хийгээд явж байгаа залуучуудыг харахад англи хэлний ур чадвар өндөр байгаа нь харагдаж байсан. Нислэгийн удирдагч нар залуучуудаараа бахархаж байгаагаа хэлж байв. Мэргэжлээ зөв сонгох, тууштай явахыг захиж байсан.

2016 онд Иргэний нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн жинхэнэ гишүүн болсон. Ингэснээр монголынхоо төдийгүй олон улсын нисэхийн алба хаагч нарыг сургах эрхтэй болж байна.

“Нисгэгч хүнд хамгийн чухал нь мэдрэмж, онгоцыг мэдрэхгүйгээр жолоодохгүй” сургагч багш нар хүүхдүүдэд сонирхуулан ярьж байв. Дэлхий дээр арилжааны нислэгийн салбарт 130 мянган нисгэгч ажилладгийн гурван хувь нь эмэгтэй нисгэгч ажээ. Тэгвэл нисгэгчийн мэргэжил эзэмшиж буй Б.Бат-Амгалан охин 2014 оны наймдугаар сараас эхлэн АНУ-ын Аризона мужийн Прескотт хотод байх дэлхийн ноймор нэг нисгэгчдийг бэлтгэн гаргадаг “Embry Riddle” /Эмрби Риддле/ сургуульд сурч байна. Тэрбээр сургуулийнхаа шилдэг оюутнуудаас бүрддэг “Алтан бүргэдүүд” багийн гишүүн. 2018 онд сургуулиа төгсөөд Америкт хэсэг хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсаны дараа Монголдоо ирж, ажиллах хүсэлтэй байгаа тухай сонсогч танд дуулгахад таатай байна. 

Агаарын тээвэрлэгч нар хамгийн аюулгүй найдвартай агаарын замуудыг сонгон нислэгээ төлөвлөдөг. Өнгөрсөн оноос эхлэн манай агаарын замаар урд нь нисдэггүй байсан Израйль, Чех, Филиппиний компаниуд нисч эхэлсэн, зарим нэр хүндтэй агаарын тээвэрлэгчид нислэгийнхээ тоог нэмэгдүүлэх талаар хүсэлтээ тавиад байна. Энэ нь бидэнд итгэж байна гэсэн үг.

Өнгөрсөн онд “Чингис хаан” олон улсын нисэх буудал 1200 мянган зорчигчдод үйлчилжээ. Тэгвэл ирэх 11-р сард ашиглалтанд орох “Хөшигийн хөндий” олон улсын шинэ нисэх буудал ойрын гурваас таван жилд гурван сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болж нисэх буудал өргөжин тэлж байна. Хуучин нисэх буудлын нисэх зурвас зөвхөн нэг талаасаа буух, хөөрөх зурвастай байсан бол удахгүй ашиглалтад орох нисэх буудал хоёр талаас бууж, хөөрөх зурвастай болох юм.

Шинэ нисэх буудалд “Gate” буюу зорчигчдын 6 хоолой байгуулсан учраас олон зорчигч хүлээн авахад ямар нэгэн дараалал үүсгэхгүй. Мөн нисэх буудлыг дагасан 100 мянган хүнтэй дагуул хот бий болно. Одоогоор Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох хурдны замын бүтээн байгуулалтын ажил явж байна.

 

Үзсэн: 1900

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна