БНСУ-ын Үндэсний музейд “Хааны эзэнт гүрэн, Монгол” үзэсгэлэн гарч байна
Эдгээр үзмэрээс 90 ширхэг нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалд багтаж байна.
БНСУ-ын Үндэсний музейд “Хааны эзэнт гүрэн, Монгол-2018” тусгай үзэсгэлэнг гарч байна. Сөүл хот дахь тус музейн тусгай үзэсгэлэнгийн танхимд тавдугаар сарын 16-наас эхлэн хоёр сар үргэлжлэх уг үзэсгэлэнг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, БНСУ-ын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй юм.
БНСУ-ын Үндэсний музей жилдээ нэг улсыг онцлон сурталчилдаг. Өнгөрсөн жил Египетийн үзэсгэлэнг дэлгэсэн бол энэ жил Монгол Улсыг сонгожээ. Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү үзэсгэлэн нь нэн эртний үеэс орчин үеийг хүртэлх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөх 536 ширхэг үнэт үзмэр соёлын өвийг тайлбарлан таниулж байна.
Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-Ромын домгийн бурхдын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг 534 ширхэг үзмэр дэлгэжээ. Эдгээр үзмэрээс 90 ширхэг нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалд багтаж буй юм.
Үзсэн: 1277
Tweet