ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэнэ.
Энэ сарын 16-17-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровын урилгаар Москва хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, 2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол, Оросын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн бодит хэрэгжилт болон бүс нутаг, олон улсад тулгамдаад буй асуудлыг хөндөн ярилцлаа.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд С.В.Лавров “Монгол Улс бол ОХУ-ын гадаад харилцааны нэгэн чухал чиглэл. Өнгөрөгч оны 8, 9 дүгээр сард хоёр орны төрийн тэргүүн уулзаж бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн. Саяхан хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөлийн албаны хүмүүс батлан хамгаалах, зам тээвэр, эрчим хүч, эдийн засаг, хөдөө аж ахуй, гадаад харилцааны чиглэлээр зөвлөлдсөн. Энэ оны 2 дугаар сард Монгол-Оросын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн Засгийн газар хоорондын хуралдаан болсон нь хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан. Ирэх жил бидний найрамдалт, ах дүүсийн харилцааны илрэл болсон Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож буйг бид мартаагүй. 2016 онд Улаанбаатар хотноо хийсэн миний ажлын айлчлалаар хоёр орны Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр баталсан. Тэдгээр гэрээ хэлэлцээрүүд бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж буйг дүгнэх сайхан завшаан өнөөдөр тохиолоо” хэмээв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ Монгол Улсын хувьд стратегийн томоохон түншлэгчийн нэг болохыг тэмдэглэсэн байна. “Монгол Улс, ОХУ зөвхөн хоёр талт гэлтгүй олон талт хамтын ажиллагаанд ч бие биедээ дэмжлэг үзүүлж, сайн ойлголцдог. 2017 онд Монгол- Оросын худалдааны эргэлт 30 гаруй хувиар нэмэгдсэн. ОХУ-д монголын олон оюутан сурч буй нь цаашдаа ч манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөхийн илрэл. Оросын бизнесийн салбарынхны хувьд Монгол бол хэзээний танил зах зээл. Ялангуяа эрчим хүч, дэд бүтэц төдийгүй бусад салбаруудад Оросын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг урьж байна. Сүүлийн жилүүдэд Орос Хятадын худалдааны эргэлт хурдацтай өсөн нэмэгдэж 200 тэрбум долларт хүрэх нь тодорхой боллоо. Монгол Улс энэ том эргэлтийн транзит зам дээр буй учир энэхүү том эдийн засаг, худалдаа харилцааны нэг хэсэг болохыг зорьж байна" хэмээгээд хоёр улсын иргэд визгүй зорчдог болсноор аялал жуулчлал, бизнесийн аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдсэнийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд хоёр орны ГХЯ-ны сайд нар хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хурлын үеэр талууд ШХАБ, НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага зэрэг өргөн хүрээг хамарсан талбарт идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэлээ. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/-той харилцаа холбоогоо сайжруулснаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. 2017 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, ЕАЭЗХ хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан болсон. Цаашдаа ажил эрчимтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд, Евразийн их түншлэлээр Монгол улсад маш олон боломжууд гарч ирэхийг тэмдэглэн, энэхүү томоохон эхлэлд бүх талын дэмжлэг үзүүлэхийг ОХУ-ын ГХЯ-ны сайд С.В.Лавров онцоллоо.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын санаачлагаар Монгол, Оросын хамтын ажиллагаа БНХАУ-ыг эгнээндээ нэгтгэн, гурван талт хамтын ажиллагаа болон өргөжиж байна. Манай улс “Орос-Монгол-Хятад эдийн засгийн коридор” хөтөлбөрт чухал ач холбогдол өгч байгаа. Энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Циндао хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар гурван улсын төрийн тэргүүний уулзалт төлөвлөгдсөн. Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар судалгааны ажлаа эхлүүлж, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийг зорьж байна” хэмээв.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн тохиролцоог үндэслэсэн, гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичиг тун удахгүй батлагдахыг ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэлээ. Тэрбээр “Орос- Монгол- Хятадын эдийн засгийн коридор” хөтөлбөрт дэд бүтэц, төмөр замын тээвэр, логистикийн үйлчилгээ зэрэг биеллээ олох бүрэн боломжтой төслүүд тусгагдсан. Энэ хөтөлбөртэй холбоотой баримт бичгүүд бэлэн болсон, тун удахгүй батална. Бид энэ хөтөлбөрт Монгол Улсын ашиг сонирхол, тэр тусмаа Орос, Хятад, Европын хооронд транзит тээвэрлэлт хийх боломжийг дээд зэргээр хангахыг зорьж байна” хэмээгээд Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцоллоо.
Үзсэн: 1497
Tweet