ХИЛИЙН ЧАНАДАД СУРЧ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУД МОСКВАД ЧУУЛЛАА
ОХУ, Европын орнуудад сурч буй монголын 100 гаруй оюутан залуус оролцлоо.
Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын "Москва- 2018" чуулга уулзалт ”Боловсрол, тэтгэлэг, карьер, стартап” сэдвийн хүрээнд энэ сарын 7-ны өдөр Москва хотноо боллоо.
ОХУ, Европын орнуудад сурч буй монголын 100 гаруй оюутан залуус оролцсон уг чуулганыг Монгол Улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, ОХУ дахь Монгол ахан дүүсийн холбоо “Мөнх Тэнгэр” ТББ хамтран зохион байгуулжээ.
"Өнөөдрийн чуулганаар бид ямар нэг асуудлыг шийдвэрлэхгүй байж болно, гэхдээ оюутан залууст тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх чухал ач холбогдолтой. Хурлаар хөндөгдсөн асуудлууд төр засгийн байгууллагуудад тавих санал, шаардлага болох юм. Одоо бид “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд "Гадаадад сурч буй оюутан залуусын дадлага” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөр гадаадад сурч буй оюутнуудад эх орныхоо Төрийн болон ТББ, ААН-д дадлага хийх боломжийг олгох юм” хэмээн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ чуулганы үеэр хэлж байсан юм. Оюутнууд ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлгийн хуваарилалт, оюутнуудын эрүүл мэндийн даатгал, сар бүрийн тэтгэмж, мэргэжил сонголт зэрэг асуудлаар багагүй санал санаачилга дэвшүүлснийг чуулганы протоколд тусган холбогдох газруудад хүргүүлэхийг зохион байгуулагчид онцоллоо.
Дэлхийн 30 гаруй оронд Монголчуудын 150 орчим байгууллага бий. Тэд бүгд нэг сүлжээнд нэгдэж, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын гишүүн байгууллага болон үйл ажиллагаа явуулж
байгаа юм.
Үзсэн: 1322
Tweet