Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад айлчилж байна


Densmaa 2018-04-26 03:04

Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдаан боллоо

     Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын /БНЭУ/ Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

     Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар хэлэлцээ хийж, Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг хамтран даргалж хуралдууллаа.

     Хамтын ажиллагааны хорооны VI хуралдаанаар хоёр орны гадаад харилцааны сайд нар улс төр, стратеги, худалдаа эдийн засаг, соёл урлаг ба боловсролын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж, 2015 оны 5 дугаар сард Энэтхэг улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зарласан хэд хэдэн төслүүдийн явцтай танилцлаа. Мөн хоёр тал цаашид эрчим хүч, худалдаа эдийн засаг, цахим аюулгүй байдал, хүчин чадал нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээ, эм зүй, мэдээллийн технологи, боловсрол ба бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Мөн хоёр улсын хамтын ажиллагаа илүү өргөжих боломжууд буйг харгалзан худалдаа, аялал жуулчлал ба хүмүүс хоорондын харилцааг сайжруулахын тулд хоёр талд тулгарч буй саад бэрхшээлүүдийг, тухайлбал байгууллагын болон логистикийн хүндрэлүүдийг арилгах зорилгоор ажиллахаар тохиролцжээ.

     Айлчлалын хүрээнд ярьсан нэг чухал сэдэв нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар байлаа. Монголын оюутан залуус, төрийн албан хаагчдад тэтгэлэг олгох зэргээр хүний нөөцийг хөгжүүлэхэд Энэтхэг улсын Засгийн газар үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Цаашид Энэтхэг улс нэр хүндтэй их дээд сургуулиудад боловсон хүчин бэлтгэх, төрийн өндөр болон дунд шатны албан хаагчдыг засаглал, төрийн захиргааны чиглэлээр хамруулах санал тавьжээ. Мөн Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургах талд Энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр ярьсан байна. Түүнчлэн Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж Монголын сэтгүүлчдийг сургахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцах хөтөлбөрийг зохион байгуулах болсон гэлээ. Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлж, кино урлаг, телевизийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон байна. Тэрбээр мөн Монголын оюутнуудад зориулан мэргэжлийн сургалтуудыг нэмэх, соёл урлаг, хөгжим, Буддын шашин судлал зэргээр Энэтхэгт суралцах боломжтойг онцолж байв.  Зөвхөн дээд боловсролын хүрээнд хамтран ажиллах бус Монгол-Энэтхэгийн найрамдалт дунд сургуулийг Монголд байгуулах ажлыг шуурхайлна гэлээ.  

   Дашрамд дурдахад, Энэтхэг улсын Засгийн газрын Техник, Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголоос жил бүр 110 орчим хүнд богино хугацааны сургалтын тэтгэлэг өгч, тус улсад суралцах боломжийг олгодог юм.

Үзсэн: 1708

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна