Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийн төсөл өргөн барилаа
2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авсан байна.
Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг 2002.06.27-нд баталж, 2003.05.01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх хугацааг тус бүр 5 жилээр сунгасан байна. Хууль хэрэгжиж, газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өрх дундаа хамтран өмчилж байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн өмнөх 5 жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчилж авсан байна.
Үзсэн: 1027
Tweet