ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 500 ХҮҮХЭД БАЯРЛУУЛАВ
Улсын хэмжээнд нийт 23 байгууллагын 33 асрамж халамжийн төвд 1012 хүүхэд өсч хүмүүжиж байгаа гэсэн албан ёсны тоо бий.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгч, "Чингис хаан" бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног үзүүллээ.
Тэрбээр жил бүр Эх үрсийн баяраар хүүхдүүд баярлуулдаг уламжлалтай. Энэ удаагийнх нь цаг хугацааны хувьд эрт буюу аавынх нь таалал төгссөн өдрөөс долоо хоногийн дараа болж буй юм. “Өргөө-1” кино театрт болсон уг арга хэмжээнд 20 гаруй асрамжийн газрын 500 орчим хүүхэд оролцлоо. Тэрбээр арга хэмжээний эхэнд аав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбатынхаа дурсгалыг хүндэтгэж үг хэлсэн юм. Үүний дараа ирсэн хүүхдүүдэд өөрийгөө танилцуулж "Өөрсдийн хүсэл мөрөөдлөө олж, зорилготой амьдарч, түүнийхээ төлөө зүтгэвэл биелдэг юм шүү" гэдгийг онцлон захив.
Уг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 23 байгууллагын 33 асрамж халамжийн төвд 1012 хүүхэд өсч хүмүүжиж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны I улирлын статистик судалгаагаар улсын хэмжээнд 18556 эх амаржиж, 18671 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 12,2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Түүнчлэн Улаанбаатар хот, Дорнод, Орхон, Баян-Өлгий, Ховд аймагт төрөлтийн хувь улсын дунджаас дээгүүр гарсан байна.
Үзсэн: 1202
Tweet