ОХУ-ААС МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ЖУУЛЧДЫН ТОО ӨСӨЖ БАЙНА
“Цайны зам” төслийн хүрээнд МУ-ыг дамжин өнгөрөх жуулчдын тоо нэмэгдэж буй нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна
ОХУ-ын Эрхүү хотод “Байкалтур” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Цайны зам” дагуу аялал жуулчлал хөгжүүлэх уриан доор зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Монгол Улс болон Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Хөвсгөл Мон трэйвел, Монголын дугуйн холбоо зэрэг байгууллага оролцов. Мөн ОХУ, БНХАУ, БНТУ, БНСУ-ын нийт 100 гаруй аялал жуулчлалын байгууллага өргөнөөр оролцсон байна.
Хоёр улсын иргэд 2014 оноос хойш харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд хот руу тогтмол шууд нислэг, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр зорчих урсгал ихэссэн нь жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлж байна.
Өнгөрсөн онд ОХУ-аас Монгол Улсыг зорьсон иргэдийн тоо 2016 онтой харьцуулахад 21,7 хувиар өссөн байна. ОХУ-ын иргэд бизнесийн аялал болон худалдаа наймаа хийх мөн амарч зугаалах зорилгоор Монгол Улсыг зорьдог. Түүнчлэн 1960-1990 онуудад Монгол улсад ажиллаж, амьдарч, сурч байсан болон төрч өссөн Оросын иргэд түүхэн дурсгалт дурсамжийн аялал хийх сонирхолтой байдаг. Мөн тус улсаас төмөр зам болон авто машинаар аялах жуулчдын тоо өсөх хандлагатай байна.
Үзсэн: 1194
Tweet