Залуус “Ногоон тууз” аянд нэгдэж, эко цом аялуулж байна
04 дүгээр сарын 22-ны өдөр аянд нэгдэн дэмжин ажилласан аж ахуй нэгж байгууллага, клубуудээс шилдгүүдийг шалгаруулана.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Туул голын сав газрын захиргаатай хамтран “Туул голын экологийн төлөв байдлын үнэлгээ” төслийг хэрэгжүүлж байна.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан дээрх төслийн хүрээнд “Ногоон тууз” аяныг эхлүүллээ. Аянд их дээд сургуулийн оюутан залуус, эко сургуулийн ахлах ангийнхан болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагддсан юм. Энэ аян нь Туул голын бохирдлыг багасгах, гол орчмыг цэвэрлэх, усны нөөц багасч байгаа асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой. Мөн аянд нэгдсэн оюутан залуус, аж ахуйн нэгж байгууллагууд нэг сарын хугацаанд “Ногоон тууз” шилжин явах эко цомыг эзэмшинэ. Энэ хугацаанд гол усны бохирдлыг бууруулах, нөөцийг хамгаалах байгальд ээлтэй бүтээлч ажлыг санаачлан өрнүүлж бодит өөрчлөлтийг гэрэл зургаар баталгаажуулан өөрийн байгууллагын цахим хуудсанд байрлуулж “Ногоон тууз” цомыг дараагийн байгууллагад шилжүүлэх юм байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан эхлүүлсэн энэ аянд иргэн бүр анхаарлаа хандуулах учиртай гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж хэллээ.
С.Пүрэвдорж: Бид Туул голоосоо ундны усаа хангаж байна. Ард иргэд болон аж ахуй нэгжүүд өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай оролцох учиртай. Аж ахуй нэгжүүд сайн үйлсийн аян гэсэн шилжин явах эко цомын эзэн болж олон байгууллагыг хамарч сайн санаачлагыг улбаалан дэмжих байх. Туул голын усны нөөц, түүний зүй зохистой ашиглалт, хамгаалал, сөрөг үр дагаврыг сааруулахад иргэн бүрийн иргэн дуу хоолойг нэгтгэхийг зорьж байна. Энгийн зүйлээс их өөрчлөлтийг авч ирдэг. Магадгүй хүн бүр хогоо хаядаггүй, эко тор сав болон бусад зүйлийг хэрэглэдэг болчихвол туул голд их хур хогонд дарагдахгүй бохирдохгүй. Дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газраас Туул голын сав газрын захиргаа, байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Туул голын сав газрын экологийн төлөв байдлын үнэлгээ” гэсэн төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл хэрэгжсэнээрээ туул голын сав газрын экологийн төлөв байдал тэнцвэртэй байдалд байна уу? эсвэл нөлөөлөлд өртөж байн уу? гэдгийг голын эх, дунд, адаг гэсэн байдлаар нь тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлж нөхцөл байдлыг нь тогтооно. Төслийн үр дүнг ирэх жилийн 3-р сарын усны өдөр 22-ны өдөр танилцуулна.
Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсдаг. 704км урттай ус цуглуулах талбай нь 49 мянга 840 км2. Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуураас эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгадаг.
Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлж ширгэх аюулд ороод байгаа гэдгийг Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар онцоллоо.
Я.Болдбаатар: Туул голын нөөц, хомстол бохирдлоос үүнээс үүдэлтэй нийслэл Улаанбаатар хотын ундны усны эрүүл ахуй зэрэг асуудал байна. Туул гол түүний ай сав газруудаас нөөцөө хангаж байна. Гадаргын болон газрын доорх усны нөөцийг нь тогтоосон. Нөөцөө зөв зохистой ашиглах ёстой. Бидний гол хэрэглээ бол нөөц дээр тулгуурлан ашиглах учиртай. Хүн амын хэт төвлөрөл, хөрсний бохирдол, хог хаягдлаас хамаарч газрын доорх болон гадаргын ус бохирдож байна. Энэ байдлыг хүүхэд залуучуудад ойлгуулж, хойч үеийнхэндээ экологийн боловсрол олгож байгаа юм. Голын дагуу хог хаягдалгүй байх нь ямар ач холбогдолтойг ойлгуулж туул голын дагуу хог хаягдлыг цэвэрлэж байна. Цаашид хог хаягдлын менежментийг сайжруулах нь чухал. Өнгөрсөн жилээс эхлэн томоохон аж ахуй нэгжүүдэд хог хаягдлыг ахин боловсруулахад анхаарлаа хандуулах чиглэлд анхаарч зарим байгууллагуудад санал хүргүүлсэн. Төрөөс ч хог хаягдлыг дахин боловсруулж байгаа аж ахуй нэгжийг бодлогоор дэмжиж хуурь эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай.
“Ногоон тууз” аянд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд болон ЕБС-ийн эко клубийн сурагчид болон иргэд сайн дураараа нэгдэж байна. Өнөөдрийн байдлаар, Монголын шувуу хамгаалах төв, Нийгмийн хөтөч-залуусын клуб, Тэлмэн түүчээ клуб, МУИС-ийн эко клуб Сорилын болон ерөнхий биологийн төвийн залуу биологичид болон ЕБ-ын “Эко элч” клубууд нэгдэж Ногоон тууз эко цомыг гардан аваад байна. Түүнчлэн “Эх дэлхийн цаг” тэмдэглэлт өдрийг тохиолдуулан уг аяны гарааг Монголын Залуучуудын Холбооны өмнөх талбайгаас эхлэж Туул голын сав газрын орчим болох Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх талбайн бохирдлыг цэвэрлэж, цэвэр цэнгэг усны нөөцөө хамгаалахад залуучууд идэвхи санаачлага, оролцоогоо бүрдүүлж, гар бие оролцож байна.
Аянд нэгдсэн аж, ахуй нэгж байгууллагууд нэг сарын хугацаанд бодит санаачлага гаргаж хүүхэд залууст байгаль эхээ хайрлан хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэн, эерэг хандлагыг бий болгох нөлөөллийн ажил өрнүүлж байна. 04 дүгээр сарын 22-ны өдөр аянд нэгдэн дэмжин ажилласан аж ахуй нэгж байгууллага, клубуудээс шилдгүүдийг шалгаруулах юм.
Үзсэн: 1793
Tweet