Монгол иргэд Уругвай улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо
Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр хийлээ.
Дорнын бүгд найрамдах Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд Ариель Бергамино Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй уулзлаа.
Гадаад харилцааны яам Монгол иргэдээ, тухайлан энгийн паспорт эзэмшигч иргэдийг гадаад улсад аль болох хөнгөлөлттэй нөхцлөөр зорчих боломжийг бий болгохоор ажиллаж байгаагийн үр дүнд "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Дорнын бүгд найрамдах Уругвай улс хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг "Уругвай улс манай улстай маш олон талаараа ижил төстэй. Орон зай, газар байршлын хувьд маш хол боловч манайх шиг 3 сая гаруй хүн амтай. Хөдөө аж ахуйн орон. Манай улс Уругвай улсаас маш олон туршлага судалж, хамтарч ажиллах боломжтой. Тус улсын дэд сайд манай улсад айлчлал хийж байгаа нь чухал үйл явдал" гэв.
Уулзалтын тухай Уругвай улсын Гадаад харилцааны дэд сайд Ариель Бергамино "Монгол Улс Уругвай улстай дипломат харилцаа тогтоогоод 20 жил болж байна. Цаашид бид сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, спорт гээд олон талаар харилцаагаа хөгжүүлэхээр болсон. Өнгөрсөн хугацаанд хоёр улс нэг нэгнээ дэмжиж ирсэн. НҮБ-ын хүрээнд хоёр орон хоёулаа энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээдэг. Энэ хүрээнд хамтран ажиллах боломжтой" гэлээ.
Дашрамд дуулгахад, Уругвай улс нь Монгол Улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс болох юм.
Үзсэн: 1279
Tweet