НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол ноолуур чанарын хувьд дэлхийд тэргүүлдэг боловч дотооддоо бэлтгэсэн ноолуурынхаа 85 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийн экспортод гаргадаг.
Ноолуур бол жил бүр нөхөн сэргээгддэг манай шавхагдашгүй үнэт баялаг. Энэхүү баялаг малчид, үйлдвэрлэгч нарт үр өгөөжөө өгөөд зогсохгүй улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2017 онд ноолуурын нийт нөөцийн 12 хувийг бүрэн боловсруулж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл аж үйлдвэрийн 2.3, боловсруулах үйлдвэрийн долоон хувь, хөнгөн үйлвэрийн 55 хувийг тус тус эзэлсэн байна. Тиймээс Монгол улсын Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг эхлүүллээ.
Хөтөлбөр бүхэлдээ ноолуурын үйлдвэрлэлийн үе шатыг ахиулах, аль болох боловсруулалтыг илүү өндөр төвшинд хүргэж, нэмэгдүүлэхийг зорьж байгаа учир тэр хэмжээгээрээ шинээр ажлын байр бий болох, Монгол Улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийн сацуу гадаад валютын нөөц нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 5000 гаруй ажлын байрыг тогтвортой хадгалж, 3600 ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг 5.7 дахин өсгөх зорилттой байна.
Үзсэн: 1502
Tweet