УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ОУПХ-НЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ
ОУПХ нь Ассaмблeйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дөрвөн байнгын хороо, хоёр хороотой бөгөөд байнгын хороод бүрт 10 гаруй гишүүн сонгогддог
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Швейцарын холбооны улсын Женев хотноо ОУПХ-ны ассамблейн 138 дугаар чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр энэ сарын 24-28-нд хуралдаж байна. Чуулганд 140 гаруй орноос 1600 орчим гишүүн оролцож буй бөгөөд 69 Их хурлын дарга, 216 эмэгтэй гишүүн оролцож байгаа юм.
Чуулганы хоёр дахь өдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээр Ази, Номхон далайн орнуудын бүлгээс албан ёсоор нэр дэвшиж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. ОУПХ нь Ассaмблeйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дөрвөн байнгын хороо, хоёр хороотой бөгөөд байнгын хороод бүрт 10 гаруй гишүүн сонгогддог. Нийт 188 парламeнтын бүлгийн гишүүдийн дундаас байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон байна.
Дашрамд дурдахад, Улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвлөмж тогтоол гаргах, хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой билээ.
Үзсэн: 1128
Tweet