“ТОРГОНЫ ЗАМЫГ ДЭМЖИХ БҮЛЭГ”-ИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
Бага хуралд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Торгоны замыг дэмжих бүлгийн 22 гишүүн улс оролцож байна.
“Торгоны замын эдийн засгийн бүс дэх хамтын ажиллагаа, соёлын харилцааг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн Олон улсын анхдугаар бага хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр нар оролцлоо.
Бага хуралд 22 гишүүн улсын 80 гаруй төлөөлөгч оролцож, Торгоны замын бүсэд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэр, ложистикийг хялбаршуулах, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлж, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Бага хурлын эхний өдөр болсон бүгд хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Торгоны замын хөгжилд Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцлохын хамт Торгоны замыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн орчин цагийн санаачлагууд, нэн ялангуяа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэв. Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачлага нь дан ганц худалдаа, эдийн засаг бус соёл, хүмүүнлэг, хүн хоорондын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг сайд Д.Цогтбаатар онцлов.
Үзсэн: 1202
Tweet