Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол төрийн уртын дуу - Асарын өндөр


Densmaa 2018-02-14 08:02

С. Дулам:“Асарын өдөр” хэмээх айзам уртын дууны нэрний тухайд” Асарын өндөр, их заяатай” гэсэн утга агуулгыг илэрхийлсэн байна.

 Уртын дууны нэр нь ихэвчлэн дууныхаа түрлэг, эхний мөрөөр нэрлэгддэг. Энэ удаад өгүүлж байгаа “Асарын өдөр” хэмээх айзам уртын дууны нэрний тухайд” Асарын өндөр, их заяатай” гэсэн утга агуулгыг илэрхийлсэн байна. Энэ нь Монголчуудын гүн ухааны сэтгэлгээтэй холбоотой. Хүмүүний хувь заяаг олж төрөөд ёс бусийг бодох, санах, үйлдэхийг хэн ч байсан цээрлэвэл зохилтой, эс бөгөөс Тэнгэрийн гэсгээл хүртэх учиртай гэсэн сургаалийн шинжтэй дуу юм. “Хүний хувь заяаны ер бишийн сайн сайхныг асар өндөр хэмээх үгээр илэрхийлсэн гэдгийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам тайлбарлаж байна.  

    /Яриа/ С. Дулам:    Энэ дуу бол: Асарын өндөр, их заяатай

                                    Ариухан амирлангуй сэтгэлтэй

                                     Аливаа баясгалант царайгий нь үзээд

                                    Учиртай хүүрнэн сууж найрлая зээ гэсэн утгатай. Монгол арын уртын дууны дотор үнэнч янаг амрагийн  сэдэв зонхилж байдаг. Үүнтэй уялдаатай.

            Эртний ерөөлөөр учирсан

            Эрхэм үзэсгэлэнт та минь

            Эрдэнэт хүмүүний төрлийг олоод

            Элдвээр баширлаж яах вэ зээ... гэж. Монголчуудын гүн ухааны нэг сэтгэлгээ байгаа. Хүний төрлийг олж төрвөл гайхамшгийн хувь заяа байдаг. Судар номонд ч бий. Хувин гич будаа зүүний үзүүр дээр асгаж нэг нь торж үлдвэл тэр хүний төрлийг олж төрөхтэй адилхан тийм их хувь зохиол юм гэсэн утгатай. Ийм сайхан хүний төрлийг олж байгаа цагтаа элдэв башир муу явдлаар явах тун зохимжгүй юм гэж сургасан утгатай.  Энэ дуунд мөн  Эрхмүүдийн урманд таныгаа

                                                               Эндээс нягтлан суувай

                                                               Итгэлтүеийннөхөр таньтайгаа

                                                              Үймж хөгжин таалж найрлая зээ хэмээн өгүүлдэг. Найр наадмын үед  архи дарсанд согтуу халамгай хүмүүсийг авир төрхийг дууны уран үг аялгуугаар дарангуйлж байх. Монгол ардын уртын дуу бол үг аяныхаа сургамж уянгалаг сайхнаар хүнийг төлөв даруу байлгаж, архины согтууг гаргачихдаг.  Уртын дуунд их гүн ухааны утга агуулгатай үгс байдаг. 

   Асарын өндөр”хэмээх дууг хуучнаар халхын Засагт хан аймгийн Цэцэн Вангийн хошуу наадамд бөхийн гурвын даваа эхлэхэд ноёд, тайж, өндөр настнуудаа хүндэтгэн эгшиглүүлдэг байжээ. Хатанбаатар Магсаржав сонсох дуртай байсан тухайд домог мэт яригдах нь бий.Түүнчлэн зүүн Монголд То Вангийнхан түгээмэл дуулдаг. Мөн Баянбараат, Боржигин, зүүнхалх, төв халхын нүүдэлчдийн дунд хүндэтгэлтэйгээр дуулагддаг байсан аман  мэдээ бий гэж  Уртын дуу судлаач, уртын дуучин Мягмарсүрэнгийн Дорждагва  ярьж байна.

 /Яриа/ Дорждагва: Асарын өндөр гэдэг дуу ер нь хуучнаар халхын дөрвөн аймагт түгээмэл тархсан шинжтэй юм байна лээ. 2010 онд бид Баруун халхын уртын дууг судлах хээрийн шинжилгээний ажлаар Завхан, Ховд, Говь-Алтай  зэрэг аймгийн нутгаар явахад  тэнд  энэ дууны ая олдсон. Харин бидний одоо дуулж байгаа ая бол Дорждагва гуай дуулсан аяаар өвөлж авсан байдаг. Ихэвчлэн мэргэжлийн уртын дуучид. Дорждагва гуай баруун аймгийн ая гэж  үзсэн байдаг. Тэр зүгийн ая мөн байх. То Вангийн хөгжмийн дэвсгэр бол зүүн халхад, төв халхад  заадаг байсан юм билээ. 2008 оны уртын дууны хээрийн шинжилгээгээр Төв аймгийн Шархайн хөндий, Баянбараат уул,Зоргол хайрхан уул орчмоор энэ дууг Баянбараат  аялгуугаар дуулдаг байсан гэж нутгийн настайнгууд хэлж байсан.  Гэвч дуулдаг дуучин байхгүй ая нь тасарсан.  Үндсэндээ Баянбараат” Асрын өндөр” гэдэг дуу өв тээгчидтэйгээ алга болсон. Ингэхдээ чухам хэдийд алга болсныг мэдэхгүй.    Энэ дууг хэдий үед зохиогдсоныг бас тогтоох аргагүй.  Зан үйлийн хувьд бол  Баруун халхад. Хуучин Засагт хаан аймгийн Цэцэн вангийн хошуу буюу сүүлд богд хааны зарлигаар Сарт-Уул вангийн хошуу болсон тухайн нутгийн хэмжээнд, нүүдэлчдийн дунд дуулагддаг байсан юм билээ. Хантанбаатар Магсаржав 20-р зууны эхэн үед Ховдыг чөлөөлөхөөр баруун зүгт явж байхдаа  дуучдаар их дуулуулдаг байсан гэдэг.  Энэ дууны агуулга утгыг  хоёр янзаар тайлбарлаж болно. Нэг нь лам нартай холбоотойгоор тайлбарлаж болно. Нөгөө талаар нэг царайлаг хатан хүн. Тэр нь алтан ургийнх ч байдаг юм уу. Тайж ноёдын хатан. Энэ хатан хүний ааш аяг зан айлыг өгүүлдэг ч байдаг юм уу ийм утгатай юм болов уу гэж ойлгосон. Ерөөс хүн гэдэг энэ амьтан бол элдэв янзын  ёс бус зүйлийг хийх, хүнийг хуурч мэхлэх зэргийн үйлийг тэвчих учиртай гэсэн ийм санаа энэ дуунд байдаг.

 “Асарын өндөр” дууг бүрэн эхээр нь сонсохдоо зөвхөн үнэнч шударга бодол сэтгэл, үг яриа, үйлдлийг эрхэмлэн төсөөлж, оюун ухаанаа ариусган бясалгах нь ирээдүйн сайн сайхныг бүтээх бэлгэдэл ерөөл  болох ажээ. Монгол уртын дууны өвийн хамрах хүрээ нь нутаг ус, овог удмынхны хүрээнд дуулагддаг; угсаатан ястны хүрээнд дуулагддаг; нийт үндэстний хэмжээгээр дуулагддаг шаталсан шинжтэй. Тухайлбал “Зээргэнтийн шил”, “Өнчин цагаан ботго”, “Өвгөн шувуу хоёр”, “Сэтэрт баахан шарга” зэрэг дуунууд монгол үндэстний олон угсаатны бүлгүүд дунд янз бүрийн хувилбараар, заримд нь зан үйлийн зориулалттайгаар өвлөгдсөн байна. Харин “Асарын өндөр” хэмээх энэ дуу одоогоор зөвхөн халх угсаатны хүрээнд хурим найрын зан үйлд хэрэглэгдэж байсан нь мэдэгдэж байна.

  /Яриа/ М. Дорждагва: Асрын өндөр маань жаахан шүүмжлэлийн шинжтэй ийм дуу ш дээ. Уртын дууг дуулж байхад дуучны оюун санаа дотор өнгө мэдрэгддэг.  Цагаан юм уу цэнхэр өнгүүд их байдаг. Ялангуяа  цагаан өнгө давамгай байж байгаад нэг мэдэхэд дуу дуусчихдаг.  Ийм байдалд хүрсэн тохиолдолд дуу үнэхээрийн сайхан болдог.  Эргээд сонсоход  ямар ч төвөггүй  далдын хүч  энэ дуу хуурыг дуулаад хуурдаад өгч байгаа юм шиг.  Тэгэхлээр энэ бол монгол хөгжмийн  далд  ухамсартай холбоотой байх. Уртын дуу морин хуур өөрөө зан үйлд зориулагдсан. Уртын дууны далд хүч гэж бий.  Энэ дууг дуулахын тулд морин хуурч Баттулга бид хоёр нэлээн удаан хугацаанд бэлдсэн.  Би Баруун халхад дуулагдаж байсан юм байна гээд  “Сар хайрхан”, “Жаргалант”, “Сутай хайрхан “зэрэг нутагт очиж дуулж байсан. Их сайхан дуу юм билээ л дээ энэ дуу. Аялгууны хувьд нэлээн өвөрмөц шинжтэй. “Таван эгшиг” судлалын онолоор бол нэлээн хөгжингүй боловсронгуй түвшинд хүрсэн ая дантай ийм дуу юм билээ. “Асрын өндөр” дуу 30 орчим минут дуулагдсан. Нэг бадаг яваад монгол уламжлалт найрын түрлэгийн зарчмыг алдахгүйн тулд  түрлэг хийсэн.  Засагт хааны шинжтэй, баруун халхын шинжтэй найрын түрлэгийг баримжаалж хийсэн.  

 Уртын дууны бас нэгэн гайхамшиг нь хамсран хөгжимдөгчдөд оршдог. Юун түрүүнд уртын дууг морин хууртай дуулахад тохиромжтой байдаг. Лимбэ хөгжмийг хэрэглэсээр ирсэн уламжлал бий. Ер нь тухайн бүтээлд ширэн цартай, морины сүүлээр хялгасан морин хуур хөгжмийг онцгойлон сонгосон нь хөгжмийн авиа, дуучны хоолойтой нийцэж байсантай холбоотой. Бид орчин үеийн модон цартай, хиймэл чавхдастай морин хуур хөгжмийг сонгож үзсэн. Ойролцоогоор 20-40 минут, түүнээс удаан хугацаанд тасралтгүй дуулахад модон цар дуучны чихийг маш их ядрааж байсан. Орчин үеийн технологиор бүтээсэн лимбэ үүнтэй л адил юм. Харин ганц бадаг, эсвэл хагас бадаг уртын дуу дуулахад хиймэл бүтээгдэхүүнээр бүрдүүлсэн морин хуур, лимбэ хөгжимтэй хавсрахад бэрхшээл мэдрэгдэхгүй гэдгийг уртын дуучин Дорждагва онцоллоо.

  /Яриа/ Дорждагва: Эрт цагтаа уртын дуу үүслийнхээ эхэн шатанд  явахдаа хөгжимгүй дангаараа байсныг үгүйсгэхгүй. Хятадын эртний судруудад ч тэр  хүннүгийн  дууны тухай хоолойн чинээгээр уртаар татаж дуулдаг ч гэдэг юм.  Тэгээд морин дэл дээр дуулдаг байсан. Хөгжлийн явцад уртын дуу өөрөө Монголын нүүдэлчдийн хөгжмийн нэг цөм болоод ирэхээрээ бусад  төрөл зүйлүүдтэйгээ хамсрах ийм маягтай болоод ирсэн юм шиг байна.  Тэгэхлээр энэ үеийг их хөгжлийн үе буюу 13-р зууны үед нэлээн ойртсон болов уу? Сүүлийн хэт их оргил  хөгжлийн үе бол 18,19- р зууны үетэй холбож  үзэж болох байх.  Морин хуур бол 17,18,19 өндөр хөгжсөн.  Икэл гэдгээс тасарч морин хуур гэж тусдаа хөгжим бий болж хөгжсөн байгаа шүү дээ. Энэ үед морин хуур уртын дуу хоёр бүүр их нягтраад  үндсэндээ сонгодог дэг, сургууль арга зүй бүрэлдэн төлөвшиж бий болсон гэвүүштэй. Тэгээд бидний үед   уламжлагдаж ирсэн байх аа. Лимбэ хөгжмийн хувьд бол монгол лимбэний  гол шинж болох битүү амьсгаа   гээд байгаа шүү дээ. Либэ хөгжмийн битүү амьсгааны үеийг ч бас  уртын дуу морин хуур  нийлж хамсрах болсон тэр цаг үетэй давхцуулж авч үзвэл онолдож магадгүй.

  Монгол үндэстний өвөг дээдэс хаана үүсэж, тэдний соёл хэрхэн хөгжиж асан тэр үед уртын дуу бүрэлдсэн гэдэгтэй маргах аргагүй биз ээ. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд  манай эрдэмтэн судлаачид Монгол Улсын бүхий л угсаатны бүлэг хийгээд ОХУ, БНХАУ дахь монголчуудын хүрээнд нутаг нутгийн уртын дууг бүртгэн судалж байна. Судалгааны явцаас үзвэл, монголчуудын уртын дуу нь Хэрлэн, Онон, Туул буюу “Гурван гол”-ын эх орчимд 3000-аад жилийн өмнө бүрэлдэн тогтсон байж болзошгүй таамгийг нгаргаад байна. Энэ нь түүх, археологийн судалгааны иш баримт болон монгол угсаатны уртын дууны хөгжлөөс харагдана.  Тухайлбал уртын дууг балар эртний, дундад эртний, мөн сонгодог хөгжилд хүрсэн 19-20-р зууны эхэн, орчин цагийн тайзны буюу “дуурлиг уртын дуу” зэрэг  хэд хэдэн төрөл зүйлийн хэв шинж, бүтцэд хийсэн ажиглалтаас үүдэлтэй юм. Уртын дууны судалгаа цаашид улам өргөжин тэлэхийн сацуу аргазүй, аргачлалын хувьд улам нарийвчлалтай болох төлөвтэй байна. Тиймээс угсаатны уртын дууны зан үйлийн хэрэглээ, аялгууны бүтэц, өвлөгчдийн дуулах ур дүй, арга барилд түшиглэсэн судалгаа нь зөвхөн Монгол Улс төдийгүй, олон улсын хэмжээнд уртын дуу судлалын хөгжүүлэх боломж байгааг явцын үр дүнгээрээ гэрчилсээр байна.

Үзсэн: 5023