Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголчууд 1300 гаруй жилийн тэртээгээс ургийн бичиг хөтлөсөөр иржээ


Densmaa 2018-02-12 03:02

Тэмүүжинг Монголын Их хаанд өргөмжлөхөд Тэмүүжингээс дээш 24 үеийг дэс дараалуулан жагсаан бичсэн гэдэг.

   Монголчууд нэн эрт үеэс буюу 1300 гаруй жилийн тэртээгээс ургийн бичиг хөтлөсөөр иржээ. Ингэхдээ үр хүүхдүүддээ өөрсдийн овог удам, залгамжаа амаар хэлж сургахын зэрэгцээ бичгээр уламжлуулан үлдээдэг байсан түүхтэй. Өөрийн ураг бие болон бодгаль биеийнхээ ургийн холбоо хэлхээ бүхий хүмүүсийн тухай тэмдэглэл, өгүүлэмж, шашдир бичлэг, хэлхээ зурлага, бичвэрийн нэгдлийг Ургийн бичиг гэнэ.

   Ургийн бичгийг дотор нь Төрийн ургийн бичиг, Гэрийн үеийн бичиг хэмээн ангилдаг. Төрийн ургийн бичиг гэдэг нь Монголчуудын төрийн ухаан, хаан, хан, ноёд, түшмэдээ ураг удам залгамжлуулан сонгож томилдог нарийн ёс жаягтай төрийн “Ургийн бичиг” юм. Монголчууд хаад, хан ноёдоо алтан ургийнхнаас сонгон, тохоон томилдог байсан учир “Төрийн ургийн бичиг”-ийг хөтөлдөг хуультай байсан байна. 1206 онд Тэмүүжинг Монголын Их хаанд өргөмжлөхөд Тэмүүжингээс дээш 24 үеийг дэс дараалуулан жагсаан бичсэн гэдэг.

   Гэрийн үеийн бичгээр дамжуулан айл, өрх бүл удам угсаа, үр хүүхэд ахан дүүсээ дэс дараалан тусгай дэвтэрт бичиж, нандигнан хадгалж, баяжуулан хөтөлдөг байжээ. Жишээ нь “Монголын нууц товчоо”-ны 1-р бүлгийн 40-49-р зүйл хүртэл Бэлгүнүтэйгээс “бэлгүнүд” овогтон, Бүгүнүдтэйгээс “бүгүнүд” овогтон, Буха хатаги “хатаги” овогтон, Бухату салжи “салжид” овогтон, Бодончар “боржигин” овогтон гэх мэт овгууд үүссэн гэж бичсэн байдаг.

Түүнчлэн гэр түүхийг хөтлөхдөө түүхлэн бичих, хүснэгтлэн зурж үйлдэх гэсэн үндсэн хоёр аргыг хэрэглэж байжээ. Түүхчлэн бичсэнийг “уг эх”, хүснэгтлэн зурж үйлдсэнийг “гэрийн үеийн бичиг” гэж нэрлэдэг байсан хэмээн түүхийн сурвалжид тэмдэглэсэн байдаг.

   Гэр түүхийг бичихдээ уг түүхийг эзэмшигч сайн мэдэх дээд өвгөөс өөрийн биеийг хүртлэх үе залгамжлагчдыг он цагийн дагуу байрлуулж, нэр алдар, цол хоч, овог яс, хэддүгээр хөвгүүн болох, төрсөн, нас барсан, зэрэг залгасан, гавьяа зүтгэл байгуулсан, хэргэм зэрэг авсан зэргийг дэлгэрэнгүй тэмдэглэдэг байна. Ингэж бичсэн гэрийн түүх нь түүхэн үйл явдал, үүнд бие хүний гүйцэтгэсэн үүргийг тодорхой харуулдгаараа хүснэгтлэн зурж үйлдэх аргаас давуу талтай байдаг байна. Гэрийн түүхийг хүснэгтлэн зурж үйлдэхдээ, хавтгай цаас буюу даавуун дээр хүний үе болгоныг шулуун шугамаар зааглаад, дээрээс нь доош цувуулан бичих, модны цагираг мэт тойрог татаж хөтлөх, модны мөчир мэт салбарлуулан зурж бичих гэсэн гурван хэлбэрээр хийнэ. Гэрийн үеийн бичмэлийг хар болон улаан өнгөнөөс өөр олон өнгийн бэхээр хольж бичихийг цээрлэнэ.

Гэрийн үеийн бичмэлийг модны мөчир мэт салбарлуулан хөтлөх аргыг их төлөв Буриадын угийн бичигт хэрэглэнэ. Гэвч Халхууд энэ аргаар хөтөлсөн нь хааяа тохиолдоно.

Гэрийн түүхийг хөтлөх нь садан төрөл хүмүүс бие биесээ таньж мэдэх, харилцан туслах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл уй гашуугаа хуваалцах зэрэг ураг төрлийн ёс журам сахин мэдэхийн үндэс болдог.

   Угийн бичгээсээ өөрсдийгөө төдийгүй өндөр дээд өвгөдөө ямар овог ястай, нэр устай хүмүүс явсныг шууд л мэднэ. Тэгж овог ясаа сайн мэддэг учир 9 үеийн дотор өөртэйгээ нэг овог, ястай хүнтэй ураг холбохыг хатуу цээрлэдэг. Есөн үе өнгөрөхөд ураг саднаараа цөм цугларан яс “хагалахуй” хэмээх их ёслол үйлдэн баяр найр хийнэ. Тийнхүү есөн үе өнгөрснөөс хойш “төрөл сунжирсан” гэж үзэх бөгөөд тухайн хүн өөрийн овог дотроос өөр шинэ яс үүсгэнэ. Ингэж овгийн дотор яс үүсгэдэг уламжлал байх бөгөөд бөгөөд есөн үе өнгөрөөж, шинэ яс үүсгэвч урдын овгоороо ураглахыг цээрлэдэгүй.

Монголчууд “хуссан ч үл арилах ясан төрөл”, “шавхавч үл ширгэх цусан төрөл” хэмээн хэлэлцдэг нь учиртай юм.

 

   Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Ургийн бичиг нь 1905 онд бүтээсэн Цэцэн хан Шолойн ургийн бичиг юм. Шолой нь Гэрсэнэ хунтайжийн тавдугаар хөвгүүн Амин-Дуралын ач хүү юм. 1577-1905 он хүртэлхи 328 жилийн дотор төрсөн 11 мянга 966 хүний нэр бичигдсэн нь Шолой удмын зөвхөн эрчүүдийн нэр юм. Энэхүү ургийн бичгийг 5,3 метр голчтой маажиндсан даавуун дээр цагираглуулан бичсэнээр Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн том ургийн бичиг болсон байна. Уг бичиг эдүгээ Үндэсний Түүхийн Архивт хадгалагдаж байна.

Монголчуудын өвөг дээдсээсээ эхлэн хөтөлж ирсэн ургийн бичиг нь Манжийн ноёрхлын үед буюу 1911 он хүртэлх 200 жилийн хугацаанд алдагдаж байсан хэдий ч 1999 оноос төрийн бодлогын хүрээнд тавигдаж, эргэн хөтлөх талаар дэмжих болжээ.

Төв Азийн нүүдэлчин аймгуудын дотроос Монголчууд ургийн ургаар нуган хүү нь нутгаа сахин, охин хүүхэд нь гал голмтоо сахин, өвөг дээдсийнхээ асаасан гал голомтыг үеийн үед залган бадраасаар иржээ. Одоо мэдэгдсэнээр, бидний өндөр дээд өвөг Бөртэ Чоно, Гоо Маралын үеэс буюу 8 дугаар зуунаас Монголчуудын ургийн бичиг эх авч, 20 дугаар зуунтай золгожээ. Одоо та бүхэнд Монголын үндэсний номын сангийн бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаярын яриаг сонсгоё.

Ургийн бичиг бол ерөнхийдөө цаасан суурьтай, даавуун суурьтай гээд суурийн хувьд янз бүр байна. Гэхдээ бүтээсэн арга технологийн хувьд бол нарны цацраг байдлаар, мөн модны цагираг байдлаар хийсэн нь ч байдаг. Ингэхдээ ерөнхийд нь жагсааж цувуулсан байх жишээтэй. Бүтээсэн ур хийцийн хувьд өөр өөр хадгалагдаж байдаг. Хамгийн их алдартай ургийн бичиг нь Бөртэ чоноос эхэлсэн ургийн бичиг 2 метр 70 сантметрийн урттай. Бөртэ чоноос эхэлж ургийн бичгээ бичсэн учраас энэ бол хамгийн их дэлгэрэнгүй. Наанадаж Монголын мянган жилийн түүхийг багтаасан гэж үздэг.

   Үндэсний номын санд ургийн бичгүүдээс олон төрлөөр хадгалагдаж байна. Тэрний нэг тод илрэл нь Чингис хаанаас эхэлсэн ургийн бичиг. Энэ ургийн бичиг сүүл үед хуулбарлагдаж бүтээгдсэн. Энэхүү бичиг нь ерөнхий бүтээсэн ур хийцийн хувьд нарны хэлбэр дүрстэй харагдаж байгаа. Тэгэхээр нар болохоор Монголчуудын их мандан бадрахын билэг тэмдэг гэж үздэг. Тэр агуулгыг өөртөө шингээсэн ийм өв. Нарны төв хэсэгт Чингисийн алтан ураг байгаа, ерөнхий талбараа нэмэх тэмдгээр дөрөв хуваасан байгаа. Энэ нь Халхын дөрвөн аймаг, Түшээд хан аймаг, Сайн ноён хаан аймаг, Цэцэн хан аймаг, Засагт хан аймаг гээд дөрвөн аймаг. Дөрвөн аймаг дотроо нарны цацрагуудаар хуваасан байгаа, энэ нь аймгийн хошуудууд. Үүнийг уншихдаа Чингисийн алтан ургаас хэний хүүхдүүд нь аль аймгийн аль хошууг удирдсан бэ гээд 18-р зуун хүртэл гаргасан. Энэ нь Чингис хааны удмын, алтан ургийн гэж явж байгаад Гэрсэнз Жалайр хунтайжийн хөвгүүдийн ургийн бичиг, дөрвөн аймгийг захирсан. Энэ бичвэрийн дунд талд улаан өнгөтэй хэсгүүд нь тухайн үедээ нөлөө бүхий ноёдуудыг илэрхийлж байгаа.

   14-р зууны үеийн Персийн алдарт түүхч Рашид-Ад-Дин “Эдгээр Монголчууд бүх аймаг яруу тодорхой удам угсааны мөдтэй түүхтэй. Учир нь Монголчуудын заншил нь өвөг дээдсийнхээ удам угсааг залгамжлан сахиж, төрсөн хүүхэд бүртээ удам угсаагаа зааж сургадаг. Тийнхүү тэд удам угсааны тухай үгийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй” хэмээн бахархан тэмдэглэжээ.

Үзсэн: 7454

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (84)