Анх удаа элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгалаа
Элэг шилжүүлэн суулгах хагалгааг профессор Ж.Чинбүрэн, Элэг цөс нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар М.Раднаа нар ахлан ХСҮТ-ийн 40 гаруй хүнтэй баг үнэ төлбөргүй хийв.
Хавдар Судлалын Үндэсний төв эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, Монголд анх удаа элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ-ийн Ж.Чинбүрэн тэргүүтэй эмч нар БНСУ-ын “Самсунг” эмнэлгийн эмч нарын хамт үнэ төлбөргүй хийсэн байна. Хагалгаа 10 орчим цаг үргэлжлэх мэдээлэл байсан ч эмч нар долоон цагийн турш хичээнгүйлэн ажиллаж, хагалгаа амжилттай болсон байна. Эмч нарын хэлснээр, элэгний хавдартай хүний элгийг авч, эрүүл донорын элэгний талыг шилжүүлэн суулгажээ. Өвчтөн, донор хоёрын биеийн байдал сайн, донор болсон 20 настай залуу ухаан орсон байна. Нийт 40 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй, Mонгол Улсад анх удаа хийгдэж байгаа энэ хагалгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарыг нэг шатаар ахиулж, элэгний өвчлөлийг цогцоор нь шийдэх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулахад чухал алхам боллоо.
Үзсэн: 1518
Tweet