ШУА-ИЙН ИХ ЧУУЛГАН БОЛЛОО
ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилгоор "Палеопарк" төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрөн дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Монгол Улсын ШУА 2017 оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар Их чуулганаараа хэлэлцэж дүгнэлт гаргалаа. ШУА-аас 2017 оныг “Хүрээлэнд хүрч дэмжих жил” болгон зарлаж, шинэ мэдлэг бүтээх, шинжлэх ухааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр уламжлалт ажил, арга барилыг улам чамбайруулах, судалгааны ажлын орчин, дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр нэлээд дэвшил гаргаж ажиллажээ. Салбар бүрийн 30 гаруй эрдэмтэн чуулганы үеэр шинэ нээлт, түүний үр дүнгээ хэлэлцүүлсэн юм. Өнгөрсөн онд Монголын шинжлэх ухааны салбарт нийт 9 шинэ нээлт хийжээ. Тухайлбал, Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг 200-300 жилээр урагшлуулсан. Мөн Литийн Ионы батарей гарган авах технологийн судалгаагаар R2032 маркийн зоосон батарей гарган авчээ. Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх инновацийн төслийн хүрээнд мал, амьтны төрөл бүрийн гаралтай шарх эмчлэх “Бартазел” тосон түрхлэг гарган авсан бөгөөд уг тосон түрхлэгийг гаргаж авахдаа зөөлөн эдийн бэртэл, гэмтлийг эмчлэх “Барагшун-EN” бэлдмэл, мал амьтныг амин дэмээр хангах “Барагшунт” тэжээлийн нэмэлт бэлдмэлүүдийн технологийг боловсруулж, үйлдвэрлэн худалдаанд нийлүүлэв. ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилгоор "Палеопарк" төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрөн дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлээд байна. Шүлхийгээс сэргийлэх вакцины технологи, ариутгал халдваргүйжүүлэлтийн цогц судалгааны ажил хийсэн бөгөөд хоёр тэрбум төгрөгөөр дотоодын вакцинаа хангах боломжтой юм. Шүлхийгээс сэргийлэх вакциныг ОХУ-аас жил бүр 4-5 тэрбум төгрөгөөр худалдаж авдаг. Хэрвээ вакциныг Монголдоо үйлдвэрлэвэл жилдээ хоёр тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэх юм байна. Энэ мэт олон улсад үнэлэгдсэн олон эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ШУА-хан 2017 онд хийжээ.
Үзсэн: 1146
Tweet