Ой тогтоолтын дэлхийн аварга Монголчууд
Ой тогтоолт сайн муу гэж байдаггүй харин хөгжүүлсэн хөгжүүлээгүй гэж байдаг.
Цээж бодолт, ой тогтоолт, цифр тогтоох, хөзөр болон нэр, зүс царай цээжлэх зэрэг олон дасгалуудыг багтаасан ой тогтоолтын дэлхийн чансааг Монголчууд жил бүр шинэчлэн тогтоож байна. Энэхүү амжилтууд өнгөрсөн оны төгсгөлд хоёр ч удаа дэлхийд бүртгэгдлээ. Тэдний зарим онцгой амжилтууд Геннисийн номонд ч бичигдэхээр болсныг олон улсын хэвлэл мэдээлэл одоог болтол бичсээр байна.
Индонез улсын Жакарта хотноо ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 21 орны оюун ухааны тамирчдыг Монголын баг тэргүүлсэн. Ой тогтоолтын 10 төрлөөр болдог энэ тэмцээний боломжит 90 медалиас Монгол Улсын баг тамирчид 57-ийг нь хүртсэн юм. Цээж бодолт, ой тогтоолт, тааварт бодлого, хурдан уншлага, цифр тогтоох, хөзөр болон нэр, зүс царай цээжлэх зэрэг олон дасгалуудыг монголчууд амжилттай гүйцэтгэж эхэллээ. Өнгөрсөн оны сүүлийн тэмцээн бол БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон олон улсын ой тогтоолтын тэмцээн байсан. Энэ тэмцээн нь дэлхийн аваргын дараа болж байгаа чансаа өндөр, шагналын сан 100 мянган ам.долларт багтсанаараа олон улсын анхааралд өртөж байсан юм. Энэ тэмцээнд зөвхөн чансаа өндөр тамирчид болон дэлхийн аваргууд өрсөлдхөөр очсон. Тэдний дунд оюун ухааны их мастер ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр, болон Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нарын шилдэг тамирчид эх орноо төлөөлөн оролцсон юм. Энэ тэмцээнд оюун ухааны дэлхийн мастерууд БНХАУ-ын 60 мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдсөнөөрөө онцлог байсан юм. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний эцсийн дүн гарахад насанд хүрэгчдийн ангилалд Э.Мөнхшүр тэргүүлж, 320 оролцогчийг тэргүүлсэн юм. Мөн бусад оролцогчид ч олон даалгаваруудыг амжилттай гүйцэтгэж, зарим гүйцэтгэлүүд олны анхааралд байсныг олон улсад онцолж байна. Геннисийн дээд амжилтанд бүртгэгдсэн ихэр эгч дүүсийн яриаг хүргэе.
/Н.Энхшүр/ Энэ удаагийн тэмцээний онцлог бол бид хоёрын хувьд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн. Түрүү жилийн хувьд өсвөр насны ангилад буюу дунд насаны ангилалын хүүхдүүдтэй өрсөлдсөн. Тэр үедээ өсвөр насныхаа дэлхийн аваргыг авсан байгаа. Энэ удаагийнх болхоороо дэлхийн топуудтай дэлхийн чансааны 10 шилдэг тамирчинтай эн тэнцүү өрсөлдсөн. Тэр бүгдийг ялаад насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон.
/Н.Мөнхшүр/ Хятадад болсон тэмцээний хувьд илүү сонирхолтой болсон. Яагаад гэвэл хятадын 60 мянга гаруй тамирчинаас шигшигдэж ирсэн 300 шилдэг тамирчидтай өрсөлдөж ийм сайхан амжилт гаргасандаа баяртай байна. Монголын оюун ухааны академийн тамирчин гэдгээрээ маш их бахархаж байна. Монгол хүн болж төрсөндөө маш их бахархадаг. Дэмжиж тусладаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
Ой тогтоолт сайн муу гэж байдаггүй харин хөгжүүлсэн хөгжүүлээгүй гэж байдаг гэж Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар хэлж байгаа юм. Дэлхийн рекорд эзэмшигч ихэр эгч дүүс Оюун ухааны их мастер Хатанбаатарын урдаа баридаг шавь нар нь юм. Оюун ухааны бүхий л төрөлд Монгол улс хүчтэй өрсөлдөгч гэдгээ зарлалаа гэж Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар ярьж байна.
Хоёртын тоолол төрөлд насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн рекорд шинэчлэгдлээ. Дунд насны ангилалд хоёр рекорд шинэчлэгдлээ, бага насны ангилалд дэлхийн рекорд шинэчлэгдлээ. Тухайлбал Олон улсын их мастер Энхшүр хоёртын тоолол төрөлд 5 минутад 1125 цифр тогтоож алдаагүй санаснаар энэ төрөлдөө дэлхийн рекордыг шинэчилсэн нь маш том амжилт байлаа. Ерөнхийдөө олон улсад ой тогтоолт хөгжүүлэх аргачлал арга техникүүд маш дэлгэрэнгүй хөгжөөд явж байгаа. Хамгийн гол нь улс орнууд энэ аргачлалыг хэн нь хөрсөн дээр нь буулгаж чадсан бэ? Орон нутгийн чанартай болгож чадсан бэ? Гэдэг дээр өрсөлдөөн явагддаг. Өрсөлдөөн юугаар илэрч байна вэ гэхээр ой тогтоолтын тэмцээн уралдаанаар илэрдэг энд гаргаж байгаа амжилтаар нь илэрдэг. Тэгхээр үндсэндээ манай энэ аргачлалууд хөрсөн дээрээ маш амжилттай бууж чадсан. Ой тогтоолтоо хөгжүүлэх аргачлал зөвхөн тэмцээн уралдаанруу чиглэсэн биш юм. Хамгийн гол нь ой тогтоолт сайн муу гэсэн юм байдаггүй хөгжүүлж чадсан уу үгүй юу гэдэг л байдаг. Хөгжүүлээгүй бол та хөгжүүлээ гэсэн үг. Үнэхээр ой тогтоолт хөгжүүлснээр бид нар насан туршдаа суралцах учраас сурах арга барилдаа тухайн хүн маань суралцаж чадсанаар цааш цаашдын сурах үйл явц хялбар болж эхэлдэг байгаа. Өөрөөр хэлбэл суралцхад суралцана гэсэн үг. Тэгхээр сүүлийн үед хүүхэд залуучууд ч гэсэн арга техникт маш сайн суралцаж энийгээ өдөр тутмынхаа амьдралд хэвшил дадал болгох тал дээр мэрийлт хичээл зүтгэл гаргаж байгаа нь ажиглагдаж байна. хүн болгон оюуны спортын ой тогтоолтын тамирчин болох албагүй гэхдээ эндээс олж авсан мэдлэг энэ чадварыг ажил амьдрал хичээл номондоо ашигладаг байх ёстой. Харин энэ дундаас спорт гэдэг утгаар нь өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүүхэд залууст үүд хаалга нээлттэй.
Зарим орон түүний туршлагыг судалж, мөн нутагтаа ажиллуулах санал ч тавьсан байна. Одоо түүний шавь нар олон улсад эх орныхоо нэрийг гаргаж, амжилтаа ахиулсаар байгаа юм.
Ой санамж бидний алхам тутамд хэрэг болдог. Гэтэл ой санамжтай холбоотой бэрхшээл маш их байдаг. Жишээ нь, уншсан зүйлээ мартах, танилцсан хүнийхээ нэр, барьж байсан зүйлээ хаана орхисноо мартах, гар утасны дугаар зэргийг мартах нь бидний амьдралд элбэг тохиолддог. Зөвлөхөд хамгийн энгийн арга нь хүн өдөрт хамгийн багадаа 30 минут ном унших ёстой. Мэдлэг олж авахын тулд ном уншиж байгаа хүний уураг тархи маш сайн ажиллана гэж үздэг байна. Мөн оюун ухаан хөгжүүлэх тоглоом болох шатар, даам тоглох, үгийн сүлжээ, судокуг бөглөх, цаашлаад ой тогтоолтын арга техникт суралцаж байгаа бол үүнтэй холбоотой өдөр тутам хэдэн минут дасгал хийх нь оюуны хөгжлийг нэмэгдүүлдэг гэж Х.Хатанбаатар багш хэлж байсан юм.
Үзсэн: 2618
Tweet