Швейцарийн хөгжлийн агентлаг ирэх 4 жил Монголд хэрэгжүүлэх ажлаа танилцуулна
Швейцарын хөгжлийн агентлаг жилд 130 орчим тэрбум төгрөгийг манай улсад зарцуулахаар төлөвлөжээ.
Швейцар Улс 2018-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны шинэ стратегиа танилцуулна. Швейцарын хөгжлийн агентлаг жилд 12-13 сая шв.франк нийт 130 орчим тэрбум төгрөгийг манай улсад зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн 15 жилийн хамтын ажиллагааны үр дүндээ тулгуурлан Швейцарын хөгжлийн агентлаг иргэн бүрт хүртээмжтэй, эрх тэгш, ногоон, хөгжингүй нийгмийг байгуулахад Монгол Улсын иргэд, байгууллагын чадавхыг бэхжүүлэхийг зорьж ажиллана. Өмнөх стратегийн хүрээнд тусгайлан сонгосон доорх гурван гол салбарт хүрсэн үр дүн, хэрэгжүүлсэн сайн туршлагаа энэ стратегийн хүрээнд бататган, түгээн дэлгэрүүлэхэд илүү анхаарах юм байна. Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хөдөөгийн эмзэг бүлгийн малчид, хот орчмын жижиг тариалан эрхлэгчийн амьжиргааг дээшлүүлэхийг зорино. Ингэхдээ Швейцарын хөгжлийн агентлаг нь уур амьсгалын өөрчлөлт болоод даац нь хэтэрснээс улам бүр доройтож буй бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах болон малын гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт үзүүлж буй дэмжлэгээ үргэлжлүүлэх юм байна. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр ерөнхий болон мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багш нарын болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх замаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна. Засаглалыг сайжруулах чиглэлээр төвлөрлийг сааруулах, ардчиллыг бэхжүүлэх Монгол Улсын Засгийн газрын зорилтыг дэмжиж, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг, хариуцлагатай засгийн газар болон орон нутгийн удирдлага, мөн чадавх бүхий иргэний нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа юм.
Үзсэн: 1568
Tweet