УИХ-ын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргад бараалхлаа
Төмөр замын тээврийн асуудлаар гурвалсан хэлэлцээр байгуулах саналыг Вьетнамын тал БНХАУ-д тавьжээ.
БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа. Найрамдлын нийгэмлэгийн шугамаар Монголын цөөнгүй зочид төлөөлөгчдийг Вьетнамд айлчлуулж, бизнесийн хийгээд ажил хэргийн харилцаа тогтооход нь тусалж байгаагаа ВМНН-ийн дарга ноён Хо Суанг Хун танилцуулжээ. Мөн тэрээр “Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн аль аль нь сонирхож байгаа боловч тээврийн асуудал хамгийн гол бэрхшээл болдог, далайн тээврийн үнэ өндөр байдаг. Цаашид шууд нислэг хийдэг болох нь аль аль талдаа ашигтай. Найрамдлын нийгэмлэгийн шугамаар бид Монгол орон, монголчуудыг Вьетнамд танилцуулах, сурталчлах ажлыг нэлээд идэвхтэй хийж байгаа” гэлээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хариуд нь хэлэхдээ “Монгол, Вьетнамын 60 гаруй жилийн түүхтэй уламжлалт, найрсаг харилцаанд Найрамдлын нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их юм. Та бүхний хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээ нь хоёр орны харилцааны түүхийг хойч үедээ өвлүүлэх, ирээдүйд хандсан үйл ажиллагаанд чиглүүлэх чухал ач холбогдолтой болохыг зориуд онцлон тэмдэглэж, баяр хүргэе” гэлээ.
Тэрбээр улс төрийн харилцаа тогтмолжиж, шинэ агуулга, хэлбэрээр тасралтгүй баяжин хөгжиж байна. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа энэ түвшинд хараахан хүрэхгүй байгаа юм. Тиймээс энэ талаар зориуд анхаарлаа хандуулахыг хүсье. Бид та бүхний тавьсан санал хүсэлтийг холбогдох яам, байгууллагуудад дамжуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна гэлээ.
Мөн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхлаа.
Ноён Нгуен Фу Чонг Монгол Улсын Их Хурлын даргын Вьетнамд хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэжээ.
Үзсэн: 1167
Tweet