Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүд чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд АХБ-наас дэмжлэг хүслээ
АХБ Монгол Улсад нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, нийгэм, дэд бүтэц зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий зээл, буцалтгүй тусламж төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийн үйл явцын талаар санал солилцохоор өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд АХБ-наас 600 сая ам.долларын бодлогын зээл олгож байгаад талархал илэрхийлээд ноён Инду Бушанд хэд хэдэн ажил хэрэгч хүсэлт тавьлаа.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүсүүдийн захирагчийн албаны чадавхыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх хэрэгцээ өндөр байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Замын-Үүд чөлөөт бүсийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн. Шадар сайдын хувьд Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллаагааг эрчимжүүлэхийн тулд АХБ-ны зүгээс манай Засгийн газарт энэ чиглэлээр техникийн туслалцаа, арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Зүүн Азийн газрын захирал ноён Инду Бушан Монгол Улстай 2018-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө миний дэвшүүлсэн асуудлыг нэмж оруулах талаар анхааран ажиллана гэж найдаж байна” гэлээ. Үүний хариуд ноён Инду Бушан “Чөлөөт бүс бол АХБ-наас анхаарал хандуулдаг чиглэлүүдийн нэг” гээд Шадар сайдтай эргэн уулзахдаа нааштай хариутай зочилно гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин Шадар сайдын Ажлын албанд хамаарах буюу ОБЕГ-т амжилттай хэрэгжиж байгаа “Ой хээрийн түймэр, зудтай тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг онцолсон байна. Түүнчлэн МХЕГ-т хэрэгжиж байгаа “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Шадар сайдын зүгээс бүх дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Үзсэн: 1141
Tweet