УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД БНСВУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Цагаан будаа, цай, кофе зэрэг бүтээгдэхүүн импортлох боломжтой гэснийг Вьетнамын удирдлагууд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
УИХ-ын дарга М.Энхболд энэ айлчлалаараа БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нартай уулзаж ярилцсан байна.
Хоёр тал Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг онцолжээ. УИХ-ын дарга М.Энхболд аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт Вьетнамаас хөрөнгө оруулахыг дэмжих, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцэн тохирсон Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Вьетнамаас загас агнуурын бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ импортлох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хяналт, хорио цээр, хил, гаалийн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлыг цаг алдалгүй шийдэх нь чухал болохыг онцолж, цаашид цагаан будаа, цай, кофе зэрэг бүтээгдэхүүн импортлох боломжтой гэснийг Вьетнамын удирдлагууд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Үзсэн: 1200
Tweet