“БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХУРАЛДААНД УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД ҮГ ХЭЛЛЭЭ
М.Энхболд: Монгол Улсын хувьд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал арга хэрэгсэл юм.
БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд оролцож үг хэлэв.
УИХ-ын дарга Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 онд баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон гэдгийг онцлов. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох талаар тавьж буй хүчин чармайлтаа дурдаж, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр баримталж буй хөгжлийн бодлогын асуудлыг хөндлөө.
УИХ-ын дарга М.Энхболд чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ, ОХУ, Мексикийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Чэнь Жу-тай уулзах үеэрээ тэрбээр 2013 онд УИХ, БХАТИХ-ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд байнгын уулзалтын механизм бий болсныг онцоллоо. Уг механизмын анхны хуралдааныг Улаанбаатарт хийсэн бол хоёр дахь хуралдаан хоёрдугаар сард Бээжин хотноо болох юм.
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Ольга Николаевна Епифановатой уулзах үеэрээ хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг улам өргөжүүлэхийн тулд Төрийн Дум, УИХ-аас эрх зүйн чиглэлээр дэмжих ёстой гэдгийг онцлов.
ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Ольга Николаевна Епифанова хоёр орны хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох нь чухал гэдгийг онцлоод, Төрийн Думээс жил бүр зохион байгуулдаг “Парламентат ёсыг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтад Монголын парламентчид оролцохыг урилаа. Тэрбээр Төрийн Думд Алс Дорнодын асуудлыг хариуцдаг, 2011-2016 онд Гэр бүл, хүүхдийн байнгын хорооны гишүүн, сүүлийн нэг жилд нь даргаар ажилласан, нийгмийн чанартай арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж, үйл ажиллагаа өрнүүлдэг хүний хувьд дээрх чиглэлүүдээр монгол анд нөхөдтэйгээ хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд Мексикийн Холбооны Улсын Сенатын ерөнхийлөгч Эрнесто Кордеро Арройотой уулзахдаа хамтын ажиллагааны сайн эхлэлийг бататгах нь бидний хувьд нэн чухал гэдгийг онцоллоо.
Тэрбээр “2017 оноос эхэлсэн хоёр орны “Соёлын солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулах саналыг манай Гадаад харилцааны яамнаас тавьсан. Түүнд тусгагдсан соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь харилцааг идэвхжүүлэх, иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэх бодит алхам болох болно” гэв. Мөн Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгчөөр тус улсын иргэн, хатагтай Габриэла Куэвас Баррон сонгогдоход Монгол Улс дэмжиж санал өгснийг дурдаад, парламент дотроосоо ОУПХ-ны тэргүүнтэй болсонд нь баяр хүргэв. Түүнчлэн Монгол Улсыг АПЕК-т гишүүнээр элсэхэд дэмжихийг хүсэж, Элчин сайдын яамдаа харилцан нээх санал дэвшүүллээ.
Үзсэн: 1258
Tweet