Хүчит бөхчүүдийн хийморьлог дуулал
Монгол бөхийн мэхийг Х.Баянмөнх аварга 666 мэх байна гэж гаргасан. Сүүлийн үед судлаачид 1000 орчим мэх байна гэж үзэж байна.
Монгол хүнтэй хамт л бөх үүссэн бололтой. Эрт галбын үлгэр домогт ч мангасын гуянаас барьж гучин гурав эргүүлэгч, далнаас барьж далан гурав эргүүлэгч баатар бөх гардаг.
Монгол бөх нь улам бүр хөгжсөөр эдүгээ ард түмний шүтээн болтлоо бадарчээ.
Үеэс vе дамжин, зуунаас зууныг өртөөлөн уламжилж ирсэн Монгол наадам хүмүүний сэтгэлийг хөдөлгөх их хvчтэй.
Нэгэн цагт аргамаг хvлгийн туурайгаар хөвчин дэлхийг тамгалж, ертөнцийн талыг захирч явсан баатарлаг тvvхтэй монгол тvмний тэсвэр хатуужил, хvсэл тэмvvлэл нь эрийн гурван наадамдаа тусгалаа олсон байдаг. Наадмын зүлэг ногоон дэвжээнээ үнэн хүчийг үзүүлж, хурсан олноо баясгах хүчит 1024 бөх зодоглодог.
Түмнээс төгөлдөр
Тод сонин үзэсгэлэнт
Бахдам түрэмгий
Баяр наадмын манлай... хэмээн монгол бөхийг цоллоход монгол наадмын дэвжээ дэлхийн дайтай санагдана. Энэ л дэвжээнээс гараагаа эхэлсэн монгол бөхчүүдийг дэлхий мэднэ.
Ууганбаатар: Монгол улс бол бөхийн орон. Монголынхоо нэрийг тив дэлхийд өргөн мандуулсан бөх олон бий. Монгол улс 21 аймагтай. 21 аймагт алдар цуутай бөхчүүд байна. Энэ дундаа бөхчүүдээрээ алдартай нутаг гэвэл Өвөрхангай аймгийн Бүрд сумаас даян аварга нэг, нийтдээ улсын цолтой 9 бөх, Увс аймгийн Тэс сумаас улсын цолтой 10 бөх, мөн Архангай аймгийн Батцэнгэл сум байна. Миний цомог нь эдгээр аймаг сумаас төрөн гарсан бөхчүүддээ зориулсан байгаа.
-Та хэдэн жил бөх тайлбарлаж байна. Монгол бөхийг тайлбарлахад ямар онцлогтой байдаг вэ.
2004 онд Увс аймгийн Зүүн хангай сум үүсч байгуулагдсаны 80 жилийн ойгоор бөх тайлбарлаж байв. Монгол бөх олон жилийн түүхтэй. Монгол хүний эрхэм дээд нандин чанарыг агуулсан. Монгол эр хүний жудгийг харуулж байх учиртай үндэсний спорт юм. Энэхүү цомгоор дамжуулан үндэснийхээ өв соёлоо олонд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой.
Даншиг наадмын дэвжээнд
Дархан цолоо дуудуулсан
Даамай олон түрүүг
Даан чиг бахтай авцгаасан
Сэцэн ханы аваргууд
Цэнгэлийг магнайлж дэвсэн юм
Бахдал бишрэлд умбуулсаар
Монгол бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл.
Монгол эр хүний чигч шулуун хоёргүй сайхан зан чанар босоо цагаан хийморь лундааг үргэлж дээшээ өргөж яваа хүмүүс бол бөхчүүдээ.
Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих тулаанаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг.
Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана. Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсны гэрч юм.
Монголчуудыг барилдаанч, бөхийн олон мэхтэй ард түмэн гэдэг. Монгол бөхийн арга техникийг сайн эзэмшиж чадвал японы сумод амжилт гаргана гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ тухай бөхийн сэдэвт утга зохиолын өв санг баяжуулах үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулж, нөр их хөдөлмөрөө зориулж байгаа бөх тайлбарлагч, яруу найрагч Доржбалын Ууганбаатар ийн ярьсан юм.
Ууганбаатар: Монгол бөхийн мэх маш олон. Баянмөнх аварга 666 мэх байна гэж гаргасан. Сүүлийн үед судлаачид 1000 орчим мэх байна гэж. Дэлхийн улс үндэстэн өөрийн гэсэн бөхтэй. Тэр дундаа монгол бөх мэхээр баялаг. Тэхээр ийм их баялаг мэхтэй барилдааныг өөр бөхийн төрөлд хийхээр өндөр амжилт үзүүлэх нөхцөл болж байна.
Бөхчүүд барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж эсвэл засуулчийн мөрөн дээр гараа тавин зогсоо тэр агшинд засуулчид бөхийн малгайг нь хүндэтгэлтэйгээр аван “Тэр бөх хэний хэн бэ” хэмээн өөрийн бөхийн алдар нэр цолыг уянгалуулан дуудахыг бөх тавих гэнэ.
Монгол бөхчүүд эрт дээр үеэс Гарьд, Бүргэд, Харцага, Шонхор зэрэг шувуудын шинжийг илтгэн барилдахын өмнө гараа болгож дэвэлтийг хийж ирсэн нь бөхчүүдийн сүр жавхланг харуулахын зэрэгцээ бие халаалт нь болдог байна. Манай эрины YIII зууны үед бөхийн цол, гуншин үүсэж, XIII зууны дунд үеэс одоогийн хэрэглэж начин, заан, арслан зэрэг араатан амьтны нэрээр цолыг өгдөг байснаа 2004 оноос 5-ын даваанаас эхлэн даваа бүрд дээрх цолыг олгож байна. Ингээд та бүхэн “Ханхөхийн харилтгүй аат арслан” дууг сонсоно уу. Энэ дууг Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт, түмэн наст, Оройн дээд Очирдарь Богд гэгээн Жавзандамба хутагтын бөх Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат саруул сайжрах, улам өрнөх, цог нэмэх, түрэмгий бярдагч, үлэмж хэтэрхий, идэвхт үнэн ачит, бас баярлах, хурдан гарамгай, манлайн баясгалант, магад өлзийт, улам харилтгүй, халх даяар маш гайхамшигт, тод сонин, жавхлант гарьд төгс, хотлоорыг баясгуулагч, түгээмэл бадрангуй, цогт идэр, төв хичээнгүй, бат ерөөлт Ламжав арсланд зориулжээ.
Ууганбаатар: “Хүчит бөхчүүдийн хийморлог дуулал” цомогт 15 дуу багтсан. Бөх тайлбарлагчийн дуу гэж байна. Монголд бөх тайлбарладаг 50, 60 хүн байна. Бөх тайлбарлагчийн улсын уралдаан 2 жилд нэг удаа болдог. Бөх тайлбарлагч нартаа зориулж энэ дуугаа хийлээ. Сэцэн ханы аваргууд гэж МУГЖ Батболд дуулсан. ХанХөхийн харилтгүй арслан Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул алдарт даншигийн арслан Лхамжавт зориулсан дуу байна. Энэ дууг Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Батбаатар дууллаа.
Алдарт бөхчүүдийнхээ амжилтыг
Андуугүй сайн мэддэг
Аргил уянгалаг хоолойгоороо
Ард түмнээ баясгадаг
Төрийн наадмын түрлэг
Түмний цэнгэлийн дууч
Манлайн баясгалант таниулагч
Монгол бөхийн тайлбарлагч аа хө...
Ууганбаатар: Монголд одоогоор 12-13 ихэр бөхчүүд байна. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, МУГТ Авирмэдийн Энхээ, ОУХМ Авирмэдийн Тайван гээд хоёр бөх байна. Мөн Ховд аймгийн Дарви сумын уугуул МУГТ Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ихбаяр, ОУХМ 1988 оны Сөүлийн олимпийн 5-р байрын шагналт Лодойн Энхбаяр гээд усны дусал шиг ялгагдахын аргагүй ихэр бөх бий. Одоо үед Доржванчигийн Гомбодорж, Төгждорж гээд ихэр бөх байна. МУГДасгалжуулагч Лувсанзундуйням, Спортын мастер Даваа гэх бөхчүүд байна.
Ээжийн ариун хэвлийгээс
Ихэр заяанд төрж мэндэлсэн
Эсгий туургатны цэнгэл наадамдаа
Ихэр бөхчүүд гэгдэж дэвэн дэвсэн
Их амжилтын тавцандаа
Эрхэм алдраа дуудуулсан
Энэ л цэнхэрхэн дэлхийдээ
Эх орныхоо нэрийг гаргасан
Ихэр заяа ихэр бөхчүүд
Ижий аавын энхрийхэн үрсүүд
Ихэр заяа ихэр бөхчүүд
Эх орны минь бахархалт хөвгүүд...гэж Ихэр бөхчүүдийн дуунд дуулдаг.
Нийгмийн хөгжил дэвшил, манай үндэстний утга зохиол, урлагийн өөрчлөлт шинэчлэлтийн явцад харьцангуй бие даасан чиглэл болон хөгжиж байна.
1990 оноос “Эзэнтэй дуу”-ны уралдаан зарласан нь тодорхой нэгэн бөх хүнд зориулсан шүлэг бичих, дуу зохиох санаа сэдлийг түргэтгэж өгсөн төдийгүй нийтийн дууны өв сан болон бөхийн сэдэвт уран зохиолын хүрээнд нэг шинэ салаа мөчрийг соёлуулсан билээ.
Үзсэн: 3991
Tweet