ХасБанк жижиг дунд бизнес эрхлэгчдэд ээлтэй банкаар шалгарлаа
2017 онд зөвхөн жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд 45 орчим тэрбум төгрөгийн зээлийг зах зээл дээрх хамгийн бага буюу жилийн 15-17.4 хувийн хүүтэйгээр олгосон байна.
ХасБанкийг “Жижиг дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжлөгдлөө. Euromoney сэтгүүлээс Ази тивийн санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Asiamoney awards-аас Хас банк энэхүү шагналыг авсан байна. Монгол Улсын нийт жижиг дунд бизнес эрхлэгчдийн 2/3-ыг эмэгтэйчүүд буюу эмэгтэй эзэнтэй компаниуд эзэлдэг. Тэдгээрийн дийлэнх хэсэг нь санхүүгийн байгууллагуудаас үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байдаг бөгөөд ХасБанк тэдэнд чиглэсэн илүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилтийн шийдлийг бий болгож чадсаныг тус сэтгүүлийн нийтлэлд онцлон дурджээ. ХасБанк 2017 онд жижиг дунд бизнес эрхлэгчдийг тэр дундаа эмэгтэйчүүдийг түлхүү дэмжих зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдаас бага хүүтэй эх үүсвэрүүдийг амжилттай татсан байна. Тухайлбал, Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци (OPIC – The Overseas Private Investment Corporation) болон Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC – International Finance Corporation)-тай санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан бол Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 40 сая ам.долларын синдикат зээлийг авсан. Түүнчлэн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагаас ХасБанктай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Үзсэн: 1490
Tweet