Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дипломат Төлөөлөгчийн Газрын Тэргүүнүүдийн Шинэ Жилийн Мэндчилгээ


Densmaa 2017-12-22 07:12

Австрали, Турк, Чех, Израиль улсуудын элчин сайд нарын шинэ жилийн мэндчилгээ.

   Монгол, Австрали хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоо тэмдэглэлээ.

   Манай хоёр орны харилцаа боловсрол, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарт эрчимтэй хөгжиж байна. 1994 оноос хойш Монголд австралийн тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдаж,  эдүгээ 500 орчим манай иргэн тус хөтбөлбөрийн хүрээнд Австралид боловсрол зэмшээд байна.

   Олон улсын энхийг сахиулах “Хааны эрэлд” хээрийн сургуульд Австралийн цэргүүд тогтмол оролцож ирсэн бол Австралийн Хөдөө аж ахуйн яамнаас “Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжууд” судалгааг гаргалаа. 2015 оноос эхлэн Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвөөс Монголд “Бэлчээрийн менежментийг сайжруулахуй” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь Австралиас манай хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй анхны төсөл хөтөлбөр боллоо.

   Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголын радиогийн сонсогчдод шинэ жилийн мэндилгээг Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Жон Лангтри дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

  1992 оноос хойш нийтлэг үнэт зүйлс бүхий ардчилсан засаг, зах зээлийн нийгэм бий болсноор Австрали болон Монгол хоёр улс хоорондын харилцаа улам өргөжин хөгжиж байна.

   Улирч буй он их өгөөжтэй болж өнгөрлөө. Монгол улсын Их хурлын болон Засгийн газрын гишүүд Австрали улсад төрийн айлчлал хийж уул уурхайн хөрөнгө оруулалт, хөгжлийн асуудлаар хэлэлцсэн.

    Шинээр 40 Монгол залуу Австралийн “Авардс” хөтөлбөрт хамрагдан магистр, докторын сургалтанд суралцахаар Австрали улсыг зориод байна.  Австрали, Монголын экстрактив хөтөлбөрийн дагуу ашигт малтмалын хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх цахим газарзүйн метадата системийг боловсрууллаа. Бид хамтдаа охид, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх, залуусын эрүүл мэндийг дэмжих ажлыг зохион явуулсан билээ.  

   Ирэх 2018 он илүү их амжилтыг авчирна гэж итгэж байна. Бид боловсрол, эрүүл мэнд, уул уурхайн хөрөнгө оруулалт, батлан хамгаалах  салбарын харилцааг улам гүнзгийрүүлэн ажиллах болно.

  Монголын авьяаслаг дуучин, бүжигчдийг оролцуулсан урлагийн салбарыг хөгжүүлэх олон ажил санаачлан ажиллана. 2018 онд хүн бүрийг аз жаргалтай, эрүүл энх байхыг хамгийн халуун дулаан сэтгэлтэй ард иргэдтэй Улаанбаатар хотоос ерөөж байна. Та бүхэнд“Шинэ жилийн мэнд хүргэе.” 

    Монгол Турк хоёр улс газар зүйн байрлалын хувьд хол зайтай ч өнө эртний түүхэн харилцаа холбоотой ард түмэн.

   2017 он хоёр улсын харилцаанд ахиц гарсан сайхан жил байлаа. Улс төр, худалдаа, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа улам бүр хөгжиж байна. Бүхий л салбарт хөгжлийн чиг хандлага хадгалагдаж байгааг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ахмет Язал шинэ жилийн мэндчилгээндээ онцолж байна.

    Миний хувьд Монгол улсад ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Хамтын харилцааг улам цааш нь хөгжүүлэх  нь дипломатч бидний үүрэг.  Монгол Туркийн харилцааг харахад нэн тэргүүнд авч үзэх  салбар бол эдийн засаг. Монгол Турк улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг улам хөгжүүлэхийг зорьж байна.

    БНТУ-аас өвөг дээдсийнхээ өлгий нутаг Монгол оронд ирж үзэх сонирхолтой хүн олон бий. Би өөрөө ч Билэг хаан, Культегин жанжны  гэрэлт хөшөөний тухай уншиж байхдаа өөрийгөө Монголд ирээд нүдээрээ үзнэ гэж огт төсөөлөөгүй байсан. Энэ жил өвөг дээдсийнхээ өлгий нутгаар явлаа. Сэтгэл их хөдөлснийг энд дуулгахад таатай байна.

  Монголд Түрэгийн үед холбогдох 150 хөшөө дурсгал бий. Бидний зүгээс эдгээр Туркийн түүхтэй холбоо бүхий Монголын соёл өвийг хадгалж үлдээх зэрэг ажилд хувь нэмрээ оруулж ажиллахад анхаарч байна.

   Монгол орон бидний эртний гэр орон, Монголчууд бидний хуучны анд нөхөд. БНТУ, Монгол улс хоёрын хооронд тогтсон харилцаа хамтын ажиллагаа нь хэзээд бат бөх. Агуу их түүхтэй манай хоёр орон ирж буй 2018 онд улам их хөгжлийн түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

   Монгол анд найз нартаа шинэ жилийн халуун мэнд хүргэе. Та бүхэндээ 2018 ондоо эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнээр дүүрэн байж Монгол орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарын өсөлт хөгжил өндөр байгаасай гэж ерөөж байна.   

   Монгол Улс Европын холбоотой харилцаа тогтоон ойртож, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн дэмжлэг авахад БНЧУ тууштай тусалж дэмжиж ирсэн. Мөн Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нэвтрүүлэх, дэмжлэг авахад Чех улсаас ихээхэн туслалцааг үзүүлж байгаа билээ.

  Монгол судлалыг хөхиүлэн дэмжиж хөгжүүлж ирсний үрээр Чехийн монгол судлаачид Европтоо судалгааны далайц, чанар чансаагаараа  дээгүүрт орж байна. Дэлхийн хамгийн эртний дээд сургуулийн нэг болох Карлын их сургууль өнөө хүртэл монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буйд монголчууд бид талархалтай байдаг.

   “Эрчим хүч, дэд бүтэц, иргэний нисэх, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч буйг” Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Иржи Бродский  шинэ жилийн мэндчилгээндээ тэмдэглэлээ.

    Монголын ард түмэн, радиогийн сонсогч та бүхэндээ шинэ оны босгон дээр мэндчилгээ дэвшүүлж байна.

   2018 онд манай улсын тусгаар тогтносны 100 жилийн ой тохионо. 100 жилийн ойн хүрээнд Монгол улсад соёл урлагийн хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Чехийн нэрт зохиолч Ватислав Хавлын “Одхазны” жүжгийг тавина. Мөн УДБЭТ-т Чехийн концертийг зохион байгуулна.

   Шинэ жилийг Чехууд Монголчуудтай төстэй тэмдэглэдэг, Чехийнхээ пиво, оргилуун дарсыг ууж, Алтан Прагын төв талбай дээр салют буудуулж  шинэ ондоо ололт амжилттай байхыг билэгддэг.

   1сарын 1 ны өдөр бүх гэр бүл өдрийнхөө хоолонд “Чочка” буюу шоштой хоол хийж иддэг. Аль болох их шоштой байвал тухайн гарсан жилдээ баян сайхан байна гэж үздэг.

    Би Монголын ард түмэнд шинэ орж байгаа ондоо аз жаргалтай, эрүүл энх, амжилт дүүрэн байхыг хүсэн ерөөе.

      Шинэ оны 1 сарын нэгний өдөр нар шиг тавган дээрээ маш их шоштой байхыг хүсэн ерөөе.

      Монгол улс хөгжин бадрахыг хүсэн ерөөе.

      Шинэ жилийн мэнд хүргэе.

   Израиль Улс нь дэвшилтэт технологи, кибер аюулгүй байдал, цөлжилтийг сааруулах, цөлийн бүс нутагт барилга байгууламж барих, сэргээгдэх эрчим хүч, мэдлэгт суурилсан эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбар, чиглэлд арвин их туршлага хуримтлуулсан орон юм.

    Израилийн хөрөнгө оруулалттай 13 аж ахуйн нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагаас 6 нь худалдаа үйлчилгээ, геологи, уул уурхай, аялал жуулчлал, соёл, шинжлэх ухаан, хэвлэлийн салбарт ажиллаж байна. Израиль улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хейфец-ийн шинэ жилийн мэндчилгээг хүлээн авна уу.

    Манай хоёр улсын харилцан итгэлцэл, хүндлэл дээр тулгуурласан, хүнээс хүнд чиглэсэн харилцаа улам цэцэглэн хөгжиж байгааг дуулгахдаа таатай байна.

   Дипломат харилцааг газар тариалан, аж үйлдвэр, эрүүл мэнд, аюулгүй байдал, урлаг соёл гээд олон салбарт хөгжүүлэхийг зорьж ажилладаг.

  Ирэх жил Израиль улсын 70 жилийн ойн баяр тохиох гэж байгаатай холбогдуулан урлаг соёлын томоохон арга хэмжээг УБ хотноо зохион явуулна. Монголчуудад Израиль улсын соёл, дуу, бүжгийг таниулахаар зорьж байна.

  Монголын ард түмэнд эрүүл мэнд, аз жаргал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.

  Бид Монгол түмэнд хайртай. Та бүхнээр бахархдаг. Манай харилцаа олон жилийн турш найрсаг сайхан байсаар ирсэн. Тиймээс улам сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэнтэй үргэлж хамт байх болно.

Шинэ жилийн мэнд хүргэж, дулаан тэврэлт илгээе.

    Та бүхэнд Австрали, Турк, Чех, Израйль улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд Шинэ жилийн мэндчилгээ  дэвшүүллээ.

  2000 гаруй жилийн төрт ёсны түүхтэй манай орны хувьд эдүгээ Дэлхийн 187 оронтой дипломат харилцаа тогтоож, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

  Манай улсын нэр хүнд олон улсын тавцанд бэхжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин, дэлхийн улс орон бидэнтэй түншлэхийг эрмэлзэх болсон нь өнгөрч буй 2017 оны манай гадаад хамтын ажиллагааны нэг дүр төрх байлаа.

Үзсэн: 1663

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна