Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг Төрөөс байнга анхаарч, урамшуулж байна.
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардууллаа.
Энэ удаа Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар тодорчээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулсан юм. Тэрээр “Өнөө цагт нийгмийн амьдралын бүхий л салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлага чухлаар шаардагдах болсон. Залуу үе маань эрдэм шинжилгээ, судалгааны хүнд, хатуужил шаардсан ажилд бие сэтгэлээ зориулж, юмс үзэгдлийн учир шалтгааныг нээн илрүүлэхээр тогтвортой, шаргуу ажиллаж байгааг Төрөөс байнга анхаарч, урамшуулж байх учиртай. Шинэлэг бүхнийг урмаар тэтгэж, хийсэн судалгаа шинжилгээг нь олны анхааралд оруулж байвал амьдралд нэвтрэх, нийгмээс дэмжлэг авахад нь дөхөмтэй, тустай байх болно. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын оны шагналаар дамжуулан шинжлэх ухаан, судалгааны салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтэн, судлаачдыг амжилтад уриалах нь энэ арга хэмжээний үндсэн утга учир юм" гэлээ.
Үзсэн: 1124
Tweet