Д.ЦОГТБААТАР ДХБ-ЫН САЙД НАРЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
БНХАУ-ын ЗГ-аас авч хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачлага нь хил залгаа далайд гарцгүй орнуудын тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах чадавхийг нь нэмэгдүүлэхэд ач холбогдолтойг онцоллоо.
Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрэс хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд болж байгаа Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 11 дүгээр Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Бага хурлын хүрээнд 12 дугаар сарын 10-ны өдөр болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улс нь бусад далайд гарцгүй орнуудын нэгэн адил худалдааны зардал өндөр, түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгааг дурдаад ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь энэхүү сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтойг онцлолсон юм. Мөн БНХАУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачлага нь хил залгаа далайд гарцгүй орнуудын тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах, дамжин өнгөрөх чадавхийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дурджээ. Улаанбаатар хотод төвтэй Далайд гарцгүй олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээрийг далайд гарцгүй 10 хөгжиж буй орон батламжилснаар энэ оны 10 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсон юм.
Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань, Латви улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эдгарс Ринкэвикс болон Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Аранча Гонзалез нартай уулзалт хийж хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Үзсэн: 1209
Tweet