Израиль улс Монголын ХАА, аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллаж байна
Манай улс Израиль улсаас телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, электрон бараа, өргөн хэрэглээний бараа, химийн бүтээгдэхүүн импортолдог.
Монгол Улс болон Израиль Улс 1991 оны 10 дугаар сарын 02-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Израиль Улс нь дэвшилтэт технологи, кибер аюулгүй байдал, биотехнологи, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуй, цөлжилтийг сааруулах, ногоон байгууламжийн төлөвлөлт, усны нөөцийн менежмент, говь, цөлийн бүс нутагт барилга байгууламж барих, хот байгуулах, сэргээгдэх эрчим хүч, мэдлэгт суурилсан эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбар, чиглэлд арвин их туршлага хуримтлуулсан орон юм.
Ингээд та бүхэнд Израиль улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хейфецитэй хийсэн ярилцлагыг хүргэе.
- Бидний ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа.
Цви Хейфеци: Намайг урьж нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад талархаж байна. Хоёр улсын харилцан итгэлцэл, хүндлэл дээр тулгуурласан, хүнээс хүнд чиглэсэн энэхүү харилцаа улам цэцэглэн харилцан өгөөжтэй хөгжиж байгааг дуулгахад таатай байна.
- Та Бээжин хотод байрлаж ажилладаг. Та ажил хэргээ явуулахдаа юуг чухалчилж, ямар зорилго тавьж байгаа вэ?
Цви Хейфеци: Тийм ээ, таны хэлснээр би Бээжин хотод суудаг хэдий ч хоёр улсын харилцааг эрчимжүүлэх үүрэгт ажлынхаа дагуу Монгол улсыг ойр ойрхон зорьж ирдэг. Дипломат харилцааг газар тариалан, аж үйлдвэр, эрүүл мэнд, аюулгүй байдал, урлаг соёл гээд олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Танай улсын Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил хэдэн сарын өмнө Израиль улсад айлчлал хийсэн. Тэрээр Израиль улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд болон бусад албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. Миний бие одоо Монгол Израилийн харилцааг хөгжүүлэхэд том хувь нэмэр үзүүлж буй ерөнхий консул Маркузын хамт Гадаад харилцаа, ХАА, Хууль зүйн сайд нартай уулзаж байна.
- Монгол улсаас олон эмч Израиль улсыг зорьж байгаа. Та Израиль улсаас Монгол улсад явуулж буй хөтөлбөрүүдийн тухай сонирхуулаач.
Цви Хейфеци: Монгол улсын засгийн газраар дамжуулж олон хөтөлбөр явуулж байгаагийн нэг нь ХАА болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр. Манай улсын ХАА болон эрүүл мэндийн салбарын дэвшилтэт хөгжлийг Монгол улсын мэргэжилтэн, оюутнуудтай хуваалцах асуудал үргэлж нээлттэй байх болно.
- Хүнээс хүнд чиглэсэн харилцаа ямар ч дипломат харилцааны чухал хэсэг байдаг. Та энэ чиглэлээр хүмүүнлэгийн болон урлагийн салбарт ямар үйл ажиллагаа явуулахаар зорьж байна вэ?
Цви Хейфеци: Ирэх жил бид Израиль улсын 70 жилийн ойн баяр тохиох гэж байгаатай холбогдуулан урлаг соёлын томоохон арга хэмжээг зохион явуулж Монголчуудад Израиль улсын соёл, дуу, бүжгийг таниулахаар зорьж байна. Урлаг гэдэг бол хүнээс хүн хоорондын чухал харилцааны үндэс суурь мөн. Энэ харилцаа нь улс төрийн болон эдийн засгийн харилцааны тулгуур болдог.
- Бизнесийн салбарт ямар ажлууд хийж байгаа вэ?
Цви Хейфеци: Манай худалдааны хоёр дипломат төлөөлөгч Улаанбаатар хотод бизнес, худалдааны бололцоо, нөөцийг судлахаар Бээжин хотоос ирж айлчлал хийсэн. Тэд бизнесмэн, багш, эрдэмтэд, хувийн хэвшлийнхэнтэй уулзснаар тус айлчлал нь эдийн засгийн харилцаа, хамт ажиллагаанд чухал үйл явдал болж өнгөрсөн. Манай улс Монголын ХАА, аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллаж байна. Технологийн салбар нэлээн сонирхол татаж байгаа.
Израиль улс цэвэр усны нөөц хомс тул усыг боловсруулах салбарыг их анхаарч хөгжүүлж ирсэн. Бид усалгаа, ус цэвэршүүлэлт, дахин боловсруулах зэрэг технологиор дэлхийд тэргүүлж буйг дуулгахад таатай байна. Ийм учраас хоёр улсын технологийн салбарын харилцаанд усны технологийг Монгол улстай хуваалцах нь нэн тэргүүнд тавигдаж байна.
Манай улс Израиль улсаас телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, электрон бараа, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн импортолдог. Харин манай улс тус улсад хувцас, түүхий эд, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн экспортолж байна.
Израилийн хөрөнгө оруулалттай 13 аж ахуйн нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаагаас 6 нь худалдаа үйлчилгээний, геологи, уул уурхай, аялал жуулчлал, соёл, шинжлэх ухаан, хэвлэлийн тус бүр нэг, 4 нь бусад чиглэлээр ажиллаж байна.
Хоёр орны хамтын ажиллагааны гол салбар нь хөдөө аж ахуй салбар юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Израиль улсын элчин сайд Цви Хэйфец тэргүүтэй төлөөлөгчдийн саяхан хүлээн авч уулзсан. Энэ үеэр Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мөн тус улсын хөдөө аж ахуйн салбарт сүүний үйлдвэр, хүнсний ногоо, тариалан услалтын дуслын системийн аж ахуйтай танилцах, энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцаж тохирсон юм.
Мөн найрсаг хамтын ажиллагаатай Израиль Улстай цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ажиллана гэдгээ Сайд Б.Батзориг илэрхийлсэн билээ.
Үзсэн: 1787
Tweet