Ж.Бат-Эрдэнэ сайд "Тээврийн долоо хоног-2017" олон улсын арга хэмжээнд оролцов
“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо болсон “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцлоо.
Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцсон тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа Москва хотноо болсон байна. Нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар хүндэт зочны хувиар оролцож, “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцжээ. Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, тээврийн сайд А.О.Жунусовтай албан ёсоор уулзсан байна. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны 2015 оны санамж бичгийн хүрээнд хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Зам тээвэр, гаалийн салбарт 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн оролцоотой форумыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцжээ.
Үзсэн: 1301
Tweet