“Хөсөг” төслийг Монголд үйлдвэрлэв онцолж байна.
"Хөсөг төсөл" 17 коллекцийн 90 –ээд бүтээгдэхүүн шинээр бий болгоод байна.
Тал нутгийн малчин айлын хотон дахь хөдөлмөрийн үр шимээс эхлэн, зуун зуунаар өвлөгдөн ирсэн уламжлалт ахуй соёлын дүр төрхийг агуулан таны гар дээр очиж байгаа “Хөсөг” төслийг Монголд үйлдвэрлэв онцолж байна.
“Хөсөг төсөл”-ийн анхны хийж эхэлсэн ажил бол өрх толгойлсон эмэгтэйчүүд болон өрхийн хөдөлмөрийг дэмжих, өрхийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст зөвлөгөө, сургалт зохион байгуулах зорилгоор Төрийн Бус Байгууллага байгуулан ажиллажээ.
Гарын ур дүйтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй нийлэн Монгол ахуй соёлыг шингээсэн орчин үеийн онцлогтой бүтээгдэхүүн гаргая гэж шийдсэн байна. Монголд албан байгууллагагууд тэмдэглэлт ой баярын үеэр харилцагч нартаа бэлэг дурсгалын зүйлс гардуулан өгдөг. Харин тэр бэлэг нь Монголд үйлдвэрлэсэн, үндэснийхээ онцлогыг шингээсэн бүтээгдэхүүн байвал илүү сайхан байх болно гэж “Хөсөг” брэндийг бий болгожээ. Энэ тухай “Хөсөг төсөл”-ийн зохицуулагч А.Намуунтай ярилцсан юм.
Намуун: Монголд элбэг байдаг түүхий эдээ түшиглээд Монгол бүтээгдэхүүний хөгжлийг бий болгох хамгийн гол нь гадаад экспортын стандартад нийцсэн өргөн хэргэлээний бүтээгдэхүүнийг бий болгоод экспортыг дэмжих үүний цаана монголынхоо эмэгтэйчүүдийг дэмжих дээр нь хоршоод үйлдвэрүүдтэй хамтраад шинэ бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой. Төслийн маань эхний бүтээгдэхүүнүүд бол Эсгий бүтээгдэхүүнүүд байсан. Бид 17 коллекцийн 90 –ээд бүтээгдэхүүн шинээр бий болгосон. Анх бид нарыг үүсгэн байгуулагдаж байхад Монгол бүтээгдэхүүн гэхээрээ хязгаарлагдмал зөвхөн бэлэг дурсгал төдий, Их дэлгүүрийн 6-давхарт гадаадын жуулчид ирээд ганц хоёроор авдаг байсан. Яагаад Монгол бүтээгдэхүүн өргөн хэрэглээнд байдаггүй юм бол, өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүн байж болдоггүй юм бэ гэдэг үүднээс анх хүмүүсийн өргөн хэрэглээнд хэрэглэдэг цахилгаан хэрэглэл ч юм уу “Hi tech” бүтээгдэхүүний cover ч юм уу компьютерийн cover ч юмуу тиймэрхүү бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Тэгээд эхний бүтээгдэхүүн маань Эсгийн дээр гараад өргөжсөөр нэхий болон ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна. Бид нарын гол зорилго маань болхоор Монголд элбэг байдаг түүхий эдийг л түшиглэнэ гэж боддог байсан. Гэвч яг худалдаан дээр байгаа боловсруулсан эсгий, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр шаардлага хангахгүй байсан. Тэгээд бид хамгийн эхнээс нь түүхий эдээ, материалаа өөрсдийнхөө стандарт шаардлагад нийцүүлж өөрсдөө боловсруулах хэрэгтэй гэж үзсэн. Одоо бид эсгийгээ хоёр аргаар боловсруулж байна. Эхнийх нь орон нутагт байдаг манай хоршоодын эмэгтэйчүүд гараар боловсруулж байгаа. Энэ нь шууд бүтээгдэхүүнээ хийнэ гэсэн үг юм. Нөгөөдөх нь машины аргаар өндөр халуунаар дарж боловсруулж байгаа. Энэ аргаар боловсруулсан эсгий маань хатуу нягт тэгш гадаргуутай байж чадсанаар бид шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон.
Үндэсний онцлогтой бүтээгдэхүүнийг урладаг эмэгтэйчүүдтэйгээ өөрсдийн сургалтаар дамжуулан танилцаж, хамтран ажиллаж байна. Нэгэнтэй нь холбогдоход л цаашаа таньдаг мэддэг гарын ур дүйтэй хүмүүстээ дуулгаад, одоо бид 15- уулаа болоод байгаа гэж төслийн зохицуулагч А.Намуун хэлж байсан юм.
Сонсголын бэрхшээлтэй бүсгүй, ээж нь хэвтэрт байдаг эмэгтэй, хүүхдээ гэртээ хардаг оёдлын мастер гээд олон эмэгтэй “Хөсөг” төслийн эсгий бүтээгдэхүүнийг урладаг.
Мэргэжлийн дизайнер хүн үүсгэн байгуулж ажиллаж байгаа учраас бүтээгдэхүүний агуулга дээр анхаарч ажилладаг. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зөвхөн жуулчдад зарж, бэлгэнд өгдөг биш өргөн хэрэглээнийх болгохыг эрмэлздэг гэж тэрээр ярьж байлаа.
Гар утас, таблет, нөүтбүүкний гэр, түрийвч, нэрийн хуудасны гэр гэх мэт 90 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаад байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрээ гараар урладаг, бусад адил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад ойролцоо үнэтэй гэлээ. Тухайлбал орчин үеийн залуусын хэрэглээ болсон iPad-ны хавтас 35-42 мянга төгрөг, түрийвч 38-45 мянга, тэмдэглэлийн дэвтрийн гэр 25-35 мянган төгрөгийн үнэтэй байна.
Бүтээгдэхүүнийхээ бүх зүйлийг нэг бүрчлэн, нарийн чанартай хийхийг л зорьж байгаа маань биднийг амжилтанд хөтлөж байна гэж төслийн зохицуулагч хэлж байв.
Монголчууд маань хаана ч тэр, хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийгээсэй. Сэтгэлээ шингээн урлаж сурахгүйгээр экспорт гэж ярих хэцүү. Манай бүтээгдэхүүн нэг бүр дээр олон хүний хөдөлмөр шингэдэг гэж ярьлаа.
Үзсэн: 2891
Tweet