Дэлхийн Телевизийн Өдөр
Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжөөд 50 дахь жилтэйгээ золгож байна.
Орчин үеийн нийгмийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дундаа хүний амьдарлыг Телевизгүйгээр төсөөлөх боломжгүй болоод байна. Тийм ч учраас 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 11 сарын 21-ий өдрийг Олон улсын телевизийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсон байна. НҮБ нь гишүүн орнууддаа энэ өдөр боловсрол, ёс суртахууныг хөгжүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэг бэлдэж байхыг зөвлөсөн байдаг. Иймд энэ өдрийг тэмдэглэхдээ телевизийн сувгууд энх тайван, аюулгүй байдал, нийгмийн хөгжил, соёлын солилцоотой холбоотой нэвтрүүлэг бэлтгэдэг уламжлалтай болжээ.
Дэлхийн улс орнуудын туулж өнгөрүүлсэн түүхээс нь хамаарч телевизийн хөгжлийн үе шат харилцан адилгүй байдаг. Улс бүрт телевиз байгуулагдсан цаг үе харилцан адилгүй боловч “туршилтын нэвтрүүлэг” явуулж байсан зурвас үе заавал байдаг. Манай хойд хөрш ОХУ-д телевизийн туршилтын нэвтрүүлгийг 1931 оны 5 сарын 1-нд хийсэн бол Германд 1928 оноос телевизийн нэвтрүүлэг явуулахаар туршиж байсан тухай баримт байдаг. Харин Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны 4 сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ. Ингээд 1967 оны 7 сарын 11-нд Монголд анх удаа телевизийн туршилтын нэвтрүүлэг хийж, Ардын хувьсгалийн 46 жилийн ойд зориулсан концерт, хүндэтгэлийн арга хэмжээг телевизээр амжилттай дамжуулсан байна. Ийнхүү 1967 оны 9 сарын 27-ноос эхлэн “Монгол телевиз” тогтмол нэвтрүүлгээ явуулах болжээ. Улмаар 1971 онд “Интерспутник” хиймэл дагуулын тусламжтайгаар радио, релейний шугамаар орон даяар нэвтрүүлгээ дамжуулах болсон байна. Монгол телевиз 1980 оны олимпийн наадам, 1981 оны 3-р сард Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн сансарт ниссэн тухай үйл явдлыг шууд дамжуулан үзүүлсэн нь Монголын телевизийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг. Харин өнөөдөр Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжөөд 50 дахь жилтэйгээ золгож байна. МҮОНТелевиз гэх их айл хэрхэн өсөн дэвжиж, үзэгч олондоо шинэ, шинэлэг бүхнийг хүргэж ирснийг өнгөрсөн 50 жилийн түүхээс харж болно гэж МҮОНТ-ийн захирал Р.Гандиймаа ярьж байна.
2017 он бол МҮОНТ–ийн төдийгүй Монгол улсад телевизийн салбар үүсэж хөгжсөн 50 жилийн ой тохиосон үнэхээр их нүсэр ажилтай байлаа. Үндэсний Телевиз өнгөрсөнд юу хийж ирсэн бэ? Яг одоо юу хийж нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэж байна вэ ирээдүйд бид монголын ард түмний хувьд хэн байх вэ? гэдгээ тодорхойлсон жил байсан. Ялангуяа 50 жил бид түүхээ эргээд сөхөөд үзхэд монголын ард түмнийг хөгжил дэвшилд уриалан дуудсан залуучуудыг боловсрол мэдлэгт уриалан дуудсан. Мөн нийгэмдээ ёс суртахуун хөдөлмөр гээд бүхийл зүйлийг уриалан дуудсан соён гэгээрүүлсэн түүхэн үүрэгтэй телевиз явж ирсэн. Олон нийтийн телевиз болж ирсэнээс хойш сүүлийн 10 жилийг аваад үзхэд энэ олон арилжааны телевизүүд гарч ирж байхад манайх үүргээрээ ямар контент үйлдвэрлэх ёстой юм бэ? Бид нарт хуулийн ямар давуу талууд боломжууд байгаа юм бэ гэсэн өөрсдийгөө сорьж ирсэн 10 жил байлаа. 2018 онд олон улсын шоуг албан ёсны эрхтэй авч үзүүлэх гэж байна. Спортын томоохон тэмцээнүүд авч үзүүлнэ. Түүнчлэн үндсэн сүлжээгээ шинэчилж байгаа бодлогын сүлжээ хийгдсэн байгаа 1 сарын 1 ээс шинэ сүлжээгээ мөрдхөд бэлтгэл ажлуудаа хангасан байгаа. Хамгийн гол нь сайн гаралттай, сайн дүрстэй техникийн бүх нөхцөлийг хангасан энэ үед бид нар телевизийн шинэ контентруу орох нь зөв гэдэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан. Үр дүн бол нэлээн сайн гарч байгаа. Жангар төсөл эхэлцэн явж байна. Зөвхөн Жангар төсөлд гэхэд Халимаг, Шинжаан Уйгар, Монголын баруун хязгаар, өмнөд хязгаар руу явж зураг авалт хийсэн. Жангар туйлыг ертөнцийн 4 цэгээс хайлуулж хүргэж байгаа. Үндэсний телевизээс 50 жилийнхээ ойн хүрээнд хийж байгаа том контентын нэг нь Жангар төсөл байсан. Уран бүтээл, аж ахуйн ажил, техникийн шинэчлэл талаасаа 2017 он бол МҮОНТ-инй хувьд ургац аривантай жил байсан. Энэ бол бүгдээрээ нийлээд ОУ-ын телевизийн ойн өдөр хийсэн ажлаа тайлагнахад үр дүнтэй ургац арвинтай сайхан байна.
МҮОНТ нь үзэгчиддээ зориулан 1, 2-р суваг тус бүр хоногт 17 цагийн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байна. 2005 онд батлагдсан ОНРТ-ийн хуулийн дагуу тус телевиз нь нийгмийн бүх давхаргад зориулсан хүүхэд залуучууд, боловсрол, уламжлалт ёс заншил, эрүүл мэндийн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэхийн зэрэгцээ мэдээ мэдээлэл, танин мэдэхүй, нийгмийн чанартай нэвтрүүлгүүдийн бэлтгэн хүргэж байгаа юм. Түүнчлэн үндэстний цөөнх бүлгүүдийн эрх ашгийг харгалзах замаар бүтэц, зохион байгуулалт, нэвтрүүлгийн бодлогоо боловсронгүй болгох, цогц өөрчлөлтүүдийг хийж байгаа гэж МҮОНТ-ийн захирал Р.Гандиймаа ярьж байлаа.
МҮОНТ-ийн “Алтан сан”–д 3000 гаруй шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, “Кино фонд”-нд 2100 гаруй уран сайхны, баримтат, хүүхэлдэйн кино хадгалагдаж байдаг. Тус телевиз олон нийтэд үйлчлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаашид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай мэдээлэл солилцоо хийж, туршлага хуваалцаж, дэлхийн хэмжээний онцлог үйл явдлуудыг түргэн шуурхай дамжуулах, мэдээлэл технологийн хурдацтай зэрэгцэн хөгжихийг зорин ажиллаж байна. МҮОНТ 1, 2-р сувгаар нэвтрүүлгээ бэлтгэн хүргэхээс гадна Монгол улсаа гадаадад сурталчлах “MNB world”, “MNB sport” сувгийг тус тус нээхээр зэхэж байгаа юм. Монгол улсын ууган телевиз “МҮОНТ”-ээс гадна Монгол улсад 50 гаруй арилжааны телевиз үйл ажиллагаагаа явуулдаг. Харин “MNB world” суваг нээгдсэнээр Монгол улсаа дэлхийн улс орнуудад англи хэлээр сурталчлан таниулах Монголын анхны суваг болох юм.
Үзсэн: 1581
Tweet