Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүд ОХУ-ын Холбооны Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлэх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаарх санаачилгыг Төрийн Думын гишүүд дэмжин ажиллана.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтэд оролцохоор ирсэн ОХУ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Говьсүмбэр аймгийн Чойр суман дахь Зөвлөлтийн армийн дайчдын дурсгалд зориулсан “Цэргийн алдар” хөшөөг саяхан сэргээн засварласан тухай дуулгалаа. Мөн тэрбээр парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудаас усны эх, ойн санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлэн, транзит тээврийн Монгол Улсаар дамжих урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны уулзалт, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаарх санаачилгыг онцолж ОХУ-ын Холбооны хурал болон Төрийн Думын гишүүд дэмжин ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Ноён Мамсуров Таймураз Дзамбекович Орос-Монголын эдийн засгийн болон бүс нутгийн хамтын ажиллааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн энэ жил гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо болсон ОХУ-Монгол Улсын “Эдийн засгийн чуулга уулзалт” нь бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлоод ээлжит чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн тэрбээр 1945 оны чөлөөлөх дайны түүхэн ялалтад Зөвлөлт холбоот улсын Армийн генерал И.А.Плиевийн оруулсан хувь нэмэрийг Монгол Улс, монголын ард түмэн өндрөөр үнэлж түүний хөшөөг босгож буйд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажилд онцгой дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгаланд ОХУ-ын Владикавказ хотын удирдлагаас хүндэтгэлийн одон гардууллаа.
Үзсэн: 1462
Tweet