Монгол улс полихлорт бифенил агуулсан төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсооно
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл төслийн хөрөнгөөр бий болсон иж бүрэн тоног төхөөрөмж, явуулын болон суурин цех, зөөврийн ачааны машин бүхий хөрөнгийг “ЦДҮС” ТӨХК-д гардуулав
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран “Монгол Улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхийг бий болгох нь” төслийг амжилттай хэрэгжүүлж үр дүнг нь хэлэлцлээ. Уг төсөл нь 2009 оноос Монгол Улсад хэрэгжсэн бөгөөд бусад орнуудад үлгэр жишээ болохуйц амжилттайгаар хэрэгжсэн гэдгийг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төслийн менежер Ажани Адегбоего онцлон тэмдэглэлээ. Төслийн хүрээнд манай улс полихлорт бифенилийн хууль эрх зүйн орчныг шинэчилж, энэ төрлийн хорт бодисын тооллого хийж, шинжилгээний лаборатори байгуулсны дээр бохирдсон эрчим хүчний тосон тоноглолуудыг цэвэрлэх Итали Улсын технологийг нэвтрүүлжээ. Мөн цэвэрлэгээний явуулын болон суурин цехээр 1000 гаруй тонн бохирдлыг цэвэрлэсэн байна. Дээрх төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн бөгөөд энэ хүрээнд эрчим хүч болон байгаль орчны салбарын 1200 орчим инженер техникийн ажилтнуудыг полихлорт бифенилийн менежментийн чиглэлийн сургалтад хамруулж чадавхжуулсан байна. Манай улс “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмийн Конвенцид 2004 онд нэгдэж, энэ төрлийн хорт бодисын эсрэг Үндэсний хөтөлбөрөө баталсан. “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” үндэсний хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний болон бусад салбарт хэрэглэж буй полихлорт бифенил агуулсан цахилгааны төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсоож, байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусгахаар тусгасан юм.
Үзсэн: 1193
Tweet