"Цоохор ирвэсийг хамгаалах өдөр"-ийг 4 аймгийн 200 гаруй хүүхэд залуус тэмдэглэн өнгөрүүллээ
Арга хэмжээний хүрээнд дуу, бүжиг, жүжиг, гар зураг, бэлэг дурсгал, видео шторкны уралдаан, багш нарын цахим хичээлийн тэмцээнийг явуулсан байна.
Жил бүрийн 10-р сарын 23-нд "Цоохор ирвэсийг хамгаалах өдөр"-ийг дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус өдрийн хүрээнд баруун бүсийн хүүхдүүдийн "Цоохор ирвэсний эх нутаг-2017" фестивалийг Увсын Улаангом хотод зохион байгууллаа. Дэлхийд ховордоод байгаа цоохор ирвэс, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг фестивальд баруун бүсийн 4 аймгийн 21 сумын 200 гаруй хүүхэд залуус оролцжээ. Фестивалийн хүрээнд дуу, бүжиг, жүжиг, гар зураг, бэлэг дурсгал, видео шторкны уралдаан, багш нарын цахим хичээлийн тэмцээнийг явуулсан байна.
Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан юм. Ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолдог гэж судлаачид үздэг. 2013 оны 10-р сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо 12 орны эрх бүхий төлөөлөгчид Цоохор ирвэсийг хамгаалах "Бишкекийн тунхаглал"-ыг хэлэлцэн баталсан юм. Түүнчлэн цоохор ирвэс нь “Улаан ном”-д орсон,агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Зөвхөн Баян-Өлгий аймгийн нутагт 300 орчим цоохор ирвэс байгаа нь автомат камерт бүртгэгдсэн байдаг гэнэ.
Үзсэн: 1351
Tweet