“Бүс нутгийн-тээвэр ложистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт Олон Улсын хурал болж байна
ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ОЛОН УЛСАД ТАНИУЛНА
Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Бүс нутгийн-тээвэр ложистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт Олон Улсын бага хурлыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус олон улсын хуралд БНХАУ, ОХУ-ын Тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, гааль, төмөр зам зэрэг салбарын төлөөллүүдээс гадна Олон улсын авто тээвэрчдийн холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Хятадын хөгжлийн банк зэрэг хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид оролцож байгаа юм.
Хурлаар Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцох аж. “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийг “Эдийн засгийн коридор”-той уялдуулах, гуравдагч орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд эдийн засгийн коридорын ач холбогдол, дамжин өнгөрөх тээврийн төв коридорын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал, төмөр замын төсөл хөтөлбөрүүд, тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг эрэлхийлнэ.
Үзсэн: 1554
Tweet