Азийн хөгжлийн банк манай улсад 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ.
Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд ирэх онд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг тодотгов. Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллахыг зорьж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд хэлж байв.
Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.
Үзсэн: 1235
Tweet