“Өртөө улаанаас өндөр технологи хүртэл-Монгол шуудан”
1969 оноос эхлэн Олон улсын шуудангийн өдрийг тэмдэглэж байна
Орчин үеийн амьдралыг захидалгүйгээр, захидлыг хүргэдэг шуудангүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхийн шуудангийн холбооноос энэ өдрийг 1969 оноос эхлэн Олон улсын шуудангийн өдөр болгон тэмдэглэж байна. Дэлхийн шуудангийн холбоонд дэлхийн 191 орон нэгдсэн байдаг. Ингээд та бүхэнд “Өртөө улаанаас өндөр технологи хүртэл-Монгол шуудан” сурвалжилга хүргэж байна.
Түүх сөхвөл, эртний нүүдэлчин Монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг зэрэг байжээ. Монголын анхны төрт улс Хүннүгийн үед “Оуто ван” буюу “өртөө ноён” хэмээх албан тушаал байсан төдийгүй Хүннүгийн вангууд эзэн хаандаа яаралтай бичиг мэдээллүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж байсан тухай түүхэн баримт бий. Хүннүгээс улбаатай энэхүү морин өртөө дэлхийн шуудангийн анхны өртөөчилсөн хэлбэр байсан гэдгийг өнөөдөр түүхчид, эрдэмтэд нэгэнт хүлээн зөвшөөрөх болжээ.
1228-1240 оны хооронд Монголын эзэнт гүрний хаан ширээнд суусан Өгөөдэйн үед мэдээлэгч, захирагч нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны уургын улааг халсан томоохон дэвшил байсан юм. Өгөөдэй хаан анх 37 суурь өртөө байгуулж, мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргах үүрэг ноогдуулж байжээ. Мөн орчин үеийн түргэвчилсэн шууданд хэрэглэдэг тусгай таних тэмдэг, замын салаа чиглэлийг заадаг арга хэлбэр тэр үед үүсч бий болсон байна. Тухайлбал морин өртөө шуудангаар явуулах зүйлийн ачааны хүнд 70 жин буюу 42 килограмм байхаар овор хэмжээг тогтоож байжээ. Мөн яаралтай шуудангийн гадна талд жигүүр агуулан явуулахаас гадна “Нис нис” гэсэн үг бичих, шувууны өд, морин туурай зэрэг тусгайлсан товъёо тэмдэг зурдаг байсан байна.
Эрдэмтэн судлаачид эртний Монголын энэхүү өртөө зам нь дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл байсан гэж үздэг.
Манай улсын шуудан, харилцаа холбооны салбарын хэмжээнд “орчин цагийн” хэмээн албан ёсоор тэмдэглэн бүртгэгдсэн цаг хугацааг 1921 оноос эхлэн бичиглэдэг.
Түүх сөхвөл, 1898-1899 онуудад Их Хүрээнээс Хиагт болон Чуулалт хаалганы хооронд цахилгаан мэдээний анхны төхөөрөмж суурилуулж цахилгаан мэдээ дамжуулж эхэлжээ. Улмаар Монгол улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараа буюу 1913-1916 онд Их хүрээнд 60 хэрэглэгчийн гар ажиллагаатай телефон станц, 1919 онд анхны радио холбооны төхөөрөмж, радио станцыг тус тус суурилуулж, ашиглалтанд оруулжээ. Улмаар 1921 оны 7 дугаар сард Шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан нь тус салбарын орчин цагийн түүхийн шинэ хуудас эхэлсэн түүхтэй.
Өнөөгийн энэ цаг үеийг хүртэл монголчууд гар холболттой энгийн телефон утаснаас тоон системийн үүрэн холбоо хүртэл, цахилгаан морзоос электрон шуудан хүртэл тухайн цаг үеийнхээ дэвшилтэт техник, технологийг эх орондоо амжилттай нутагшуулж, үргэлжид урагшлах зам мөрөөр явж иржээ. Үүний нэг тод жишээ нь хүн төрөлхтний хөгжлийн түвшний илэрхийлэл интернэт, гар утас зэрэг нь монголчуудын өдөр тутмын амьдралын хэв маягт ууссан энгийн хэрэглээ болсон явдал юм.
“Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбаттай ярилцлаа.
20 жилийн өмнө сансрын холбооны сүлжээг Калифорнитай холбосон нь монголын хувийн секторын олон улсын холбооны анхны том төслийг хэрэгжүүлсэн явдал байлаа. Хоёрдугаарт нь бид үүнээс өмнө 5 жилийн турш Монголын 20 аймагт анхны мэдээллийн сүлжээг байгуулаад түүгээрээ и-мэйлийн үйлчилгээ явуулдаг байсан. Монголын банкууд ашигладаг, тухайлбал программ хангамжийн асуудлаар Датаком компанийн бүрэлдэхүүний 5 компанийн 100 шахам хүн программ хангамжийн чиглэлд ажиллаж байсан. Ингээд программ хангамжаа өөрсдөө хийгээд сансрын холбооны сүлжээнүүдийг байгуулаад 18 аймагт тэр үед анхны сансрын холбооны сүлжээг байгуулсан. Ингэснээр монголын интернэт дэлхийн төвшинд ялангуяа азидаа эхний 10 т орох болсон юм. Энэ цагаас хойш энэ салбар тасралтгүй 20 жилийн турш хөгжиж байна. Би дүгнэж хэлэхдээ Монголын интернетийн нэгдүгээр үе маш амжилттай хэрэгжиж дууссан гэж хэлэх байна. Яагаад гэвэл бидний анхны зорилго бол Монгол улсыг дэлхийд гарцтай болгох зорилго байсан. Тэр зорилт 20 жилийн өмнө биелсэн. Дараагийн 20 жилийн зорилго бол Монголын хүн бүрт интернетийг хүртээмжтэй болгох асуудал байсан. Өнөөдөр монголын харилцаа холбооны компаниуд, төрийн байгууллага болон хувийн секторынхон бүгд оролцоод энэ асуудлыг зарчмын хувьд бүрэн шйидсэн Өнөөдөр монголын интернетийн 2 дугаар үе эхэлж байна. Энэ бол интернетийн контент мэдлэгийн асуудал юм.
Эдүгээгээс 2200-гаад жилийн тэртээ талын нүүдэлчид харилцаа холбооны шалгарсан хэлбэрийг эрэлхийлж, 800-гаад жилийн өмнө Их Монгол Улс хүчирхэгжин мандах үедээ мэдээллийн хурд, үнэ цэнийг ухаарч байсан нь гайхамшигтай гэж “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан хэлж байсан юм.
Монгол улсын их эзэн Чингис хааныг “Washington post” сониноос мянганы хүнээр тодруулсан. Ингэж тодруулах болсон гол үндэслэл нь бол өнөөдрийн мэдээллийн технологи буюу интернетийн сүлжээг анх үүсгэн байгуулсан гэдэг үндэслэлээр гавьяаг нь түүхчид тэмдэглэсэн явдал юм.
Дэлхийн шуудан холбооны гишүүн орнууд 6800 хэлээр бичигдсэн захидлыг биечлэн хүргэж өгдөг хамгийн урт сүлжээг бий болгодог. Энэ сүлжээгээр өдөр болгон хэдэн сая захидал, илгээмж хэрэглэгчдийн гар дээр очдог байна. Интернэт холбоо эрчимтэй хөгжиж байгаа орчин үед ч шуудан ач холбогдлоо алдаагүй хэвээр.
Манай улсын хувьд шуудан холбооны үүргийг “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компани дангаараа гүйцэтгэдэг. Тус компани нь улс орон даяар шуудангийн 20 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бол дэлхийн 200 улс оронтой шуудан холбоогоор харилцаж байна. Түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу буухиа шууданг эрэлт ихтэй байдаг 36 оронтой солилцож, дөчин мянга гаруй үйлчлүүлэгчдэд хэрэглэгчийн болон орцны шуудангийн хайрцгаар дамжуулан үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар тус компани нь улс, хот хоорондын шууданг долоо хоногт 2-5 удаа, аймгийн төв сум хооронд 1-3 удаа, сумаас 1200 гаруй багт нэг удаагийн хүргэлт үйлчилгээг хийж байна. Монгол шуудан компани “Үзүүргүй хязгаарт өртөөлөн хүргэнэ уриатайгаар, цаашид Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс хангах зорилт тавин ажиллаж байна.
Үзсэн: 2251
Tweet